Улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй Д.Эрдэнэбатад сонгуульд өрсөлдөх ЭРХ, ЁСЗҮЙ бий юу
2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даагчид СЕХ-нд материалаа хүргүүллээ. Нэр дэвшигчид тодорсноос хойш СЕХ-нд материалаа өгөх хүртэлх хугацаанд намууд сэжигтэн, яллагдагчаар татагдсан нэр дэвшигчдийнхээ нэрийг татах, нөгөө талаасаа эдгээр хүмүүс өөрсдөө ёсзүйтэйгээр нэрээ татчих болов уу гэтэл жишим ч үгүй нэрсээ СЕХ-нд хүлээлгэн өгчихөв.
Ингэснээр энэ сонгуульд АН, МАН болон эвслээс гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан маш олон хүн өрсөлдөхөөр болж байна.
Шүүхэд хурал нь товлогдсон Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, сэжигтэн, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, “Ажнай” группын захирал Д.Бат-Эрдэнэ, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Үүрийнтуяа зэргээс гадна улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ч нэр дэвшихээр болоод байгаа. Тэрбээр Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр мандатаа авч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон нь монголын ард түмнийг дэндүү доромжилсон үйлдэл мэт.
Учир нь түүнд холбогдох шүүхийн гэм буруугийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсан гэх эрүүгийн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг холбогдуулан шалгасан байдаг. Тэднийг төрийн эрх ашигт 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутган шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.
2019 онд түүхэндээ анх удаа төсвийн орлого 10 их наяд хүрсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тэргүүтэй нөхдүүд улсын төсөвт 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байна. Гэтэл эл үйлдэлдээ ичих нь битгий хэл УИХ-ын сонгуульд өрсөлдөж, хуулийн хамгаалалт дор орохоор зэхэж сууна.
Түүний холбогдсон хэргийг сийрүүлбэл, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны ирүүлсэн төслийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Ти Ди Би капитал” ХХК-д зарах гэж байгаад Монголын талын зүгээс татгалзах зүйлгүй болохыг уламжилж байна” гэсэн утга бүхий албан бичгийг 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын талд илгээжээ. Улмаар “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК болон “Монголросцветмет’’ ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ‘’Монголиан Коппер Корпорейшн’’ ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна.
Уг нь бол Засгийн газарт албан ёсоор дипломат шугамаар ирүүлж, уг асуудлыг УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой байсан. Монгол Улсын Засгийн газар дээрх хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байв.
Гэтэл эдийн засгийн холбогдох тооцоо судалгаа хийлгүй, холбогдох хууль тогтоомжуудыг санаатайгаар зөрчин “Монголиан Коппер Корпорейшн”-д давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж байгаа аж.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан 400 сая 270 мянган ам.долларыг бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй 12 тэрбум төгрөгийг бүртгэлгүй мөнгөөр бүрдүүлсэн гэж өөр эх сурвалж мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, бүртгэлгүй буюу хар мөнгө гэж сэжиглэх үндэслэлтэй юм байна. Зарим эх сурвалж “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан гэж мэдээлж байна.
Ямартай ч олны анхаарал татсан, томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон ийм нэгэн дуулиантай хэргийн гэм буруугийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Харин үүнд холбогдсон нэг эрхэм “УИХ-ЫН СОНГУУЛЬ”-д өрсөлдөнө.
Эх Сурвалж: Zaluucom.mn
Б.Аз
URL: