Оросоос эх орондоо ирсэн сонсогч залуу ингэж бичжээ

301

ОХУ-аас саяхан орж ирсэн нэгэн оюутны нийтлэлийг  хүргэж байна. Цахим орчинд ихээр тараад буй “Боож үхмээр байна” гэдэг нэртэй фэйс хуудас хөтлөн явуулдаг гэж тэрбээр өөрийгөө тодорхойлжээ.  

Яагаад ийм фэйс хуудас нээсэн ,яагаад заавал ингэж нэрлэсэн, яагаад өөрийгөө нууцалж байгаа ,яагаад заавал бүх хүнд үгээ хүргэх гээд хичээгээд байгаа учраа тайлбарлая. Нэрээ соль гэж хүмүүс зөвлөжээ. Үгүй ээ,сольж яах юм. Яг одоо ийм л байдалд би , зөвхөн би ч биш 30 орчим хүн байна. Дахиад ч нэмэгдэж магадгүй. Та нар 5 сарын 14 нд Улаан-үдээс 200 орчим хүн хилээр нэвтэрч орж ирсэнээс 37 хүнд нь короновирусын халдвар илэрлээ гэж сонссон биз дээ? Тэдний чинь нэг би байна!!!

Бүх монгол халдвар тээж ирэгсэд гэж харж, бодож , ярьж ,үзэн ядаж, айж магадгүй цөөн хэд нь өрөвдөж байна. Тиймээ, эхний шинжилгээгээр халдвартай гарсан нь үнэн. Гэхдээ энэ халдварыг би болоод бидний олонх нь ОРОСООС ЧИРЧ ИРЭЭГҮЙд л учир нь байгаа юм. Оросод халдвар тархаж эхэлсэнээс хойш бараг 2 сар байрнаасаа гарахгүй ,хэнтэй ч уулзахгүй хөл хорьж , малгай бээлий , давхар давхар маск өмсөж зүүж, оросуудад халдвар гэж хялалзуулан байсаар хил нээгдэх сургаар гялгар уут биедээ углан барин Улаан үдэд ирчихээд , 14 хоног дахиж карантилагдахдаа ЭХ ОРОНДОО ХАЛДВАР ЧИРЧ ОЧИХГҮЙН ТУЛД халдвар аваагүйгээ баттай мэдэхийн тулд эрсдэлтэй гэж үзсэн эмнэлэг үрүү ч очихгүйгээр, байрандаа дуудаж шинжилгээний төлбөр төлж ,2 ч дахин шинжилгээ өгсөн,хариу нь ч сөрөг гарсан.

Гэтэл ямар ч дотоод халдвар тархаагүй ,маш сайн халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа гэж бахархаж баярлаж байсан эх орондоо ирчихээд хилийн дээс алхсан анхныхаа өдөр халдвар авчихаад одоо ХАЛДВАР ТЭЭЖ ИРСЭН гээд цоллуулаад байгаа надад боож үхсэн ч багадаад байна! Монголчууд энд салхинд алхаж ,яргуй идсэн ямааны мах идэж байхад бид тэнд бараг 2 сарын турш чанга хөл хорьж байсан.

Монголчууд энд өглөө 5 км гүйж байхад бид тэнд хогоо асгахын тулд байрнаасаа 200м ч холдож болохгүй байсан. Монголчууд энд хөл хориотой гэсэн хэрнээ хамтдаа хоол идсэн зургаа постолж байхад бид тэнд оросуудтай байтугай монголчуудтайгаа ч уулздаггүй байсан. Монголчууд энд бөөгнөрөлдөн дэлгүүр зах хэсэж байхад бид тэнд хүнсээ дуудлагаар захиалж ,халдвартай байж магадгүй мөнгөнд гар хүрэхгүйн тулд цахим картаар тооцоогоо хийж, дараа нь картаа ариутгаж байсан.

ЭХ ОРОНДОО Л ХАЛДВАР ЧИРЧ ОЧИХГҮЙн тулд шүү дээ. 37 хүний 13 нь лав над шиг ойрын үед өгсөн сөрөг хариу бүхий шинжилгээний бичигтэй байна. Энэ хүмүүс ч яг над шиг нөхцөлд байна. Тэр ч байтугай бидний дунд халдвар огт гараагүй байгаа тосгоноос ,бөөнөөрөө шинжилгээгээ өгөөд, тусдаа машинаар ирж хилээр нэвтэрсэн багштайгаа яваа нэлээн хэдэн оюутнууд хүртэл байна. ЯАГААД бид ЭХ ОРОНДОО ХАЛДВАР АВЛАА ГЭЖ ҮЗЭЭД БАЙНА ВЭ?

1 р шалтгаан. Оросоос ирсэн хүн бүрийг халдвар тээгч гэж үзэж ,ялгавартай ангилж ялгаж зөөвөрлөх гэж хичээхгүй, хоорондын 1.5 м зай г бариулахгүй байгаагаас сайн хамгаалж , эрүүл ирсэн иргэд ч халдвар авах нөхцөл үүсч байна.

Баримт: 1. 20,20 хүнээр нь тасалж хил нэвтрүүлсэн боловч , 2 хэсэг нийт 40 хүнийг ганц 5×5 хэмжээтэй майханд бөөнд нь цаг шахуу байлгасан.

2.Дараа нь 40 хүнийг нэг автобусанд бүх ачаатай нь зэрэгцүүлж суулгаад вагон уруу зөөсөн. Энэ үед хоорондын зай зэрэгцээ суусан бол 10 см, нөгөө талын сандлаас бол 50 см л байсан.

3. Вагонд 7×4.5 м орчим зайд 40 хүнийг ачаатай нь бөөр бөөр,нуруу нуруугаар нь наалдуулаад бүх ачаатай нь чихэж суулгасан. Ачаа багтахгүй байсан тулд бараг 4.5 дахин хүний өөрийн ачааг ийш тийш нь зөөж гулдарсан. Нийтдээ 2 вагоны 4 хэсэг яг тийм зайд 140 орчим хүн ачаатайгаа сууж явцгаасан. Уул нь бол хоорондоо 1.5 м зай барь гээл байгаа биз дээ. Оросоос ирсэн халдвар тээгч нар гэж үзэгдэж байгаа бидэнд зөвхөн үйлчилдэггүй журам юм уу ?

4 . Вагонд аваачаад бүгдийг нь бөөн нь оруулчихангуутаа эхний вагоны хүмүүсийг 13.00 цагаас оройн 21.30 цаг хүртэл 9 цаг илүү цонхыг нь хаасан ,ямар ч агааргүй орчинд түгжсэн. Сүүлд нь бүгд амь тэмцээд байсан учир ярьж шаардаж байж цонхнуудаа онгойлгуулсан ч агаар буун буутал дутагдсаар байсан. Вагоноос шөнийн 4 цагт буулгасан. Тэгэхээр энэ вагонд явсан хүмүүс 15 цаг агаар дутмаг нөхцөлд байсан гэсэн үг.

5. Нөгөө вагоны хүмүүсийг сүүлд 19-20 цагийн үед вагонд авчирч оруулсан хэрнээ тусгаарлалтад оруулахдаа эхэлж вагоноос буулгасан. Сүүлд вагонд сууж ,эхэлж вагоноос буусан хүмүүсээс халдвар одоохондоо илрээгүй , харин вагонд эхэлж ирж суусан 1 вагоны 70 орчим хүмүүсээс л зөвхөн эхний шинжилгээгээр 37 халдвар илэрсэн нь агааргүй нөхцөлд хэт удаан зарим нэг халдвартай хүмүүстэй хамт зорчсоноос шалтгаантай байгаа биз дээ.

6. Вагоноос буулгаад автобусанд шилжүүлж суулгахдаа бас л нэг автобусанд 50 хүн чихсэн. Суудал хүрээгүйн улмаас 5.6 хүн ачаануудын зайнд суудлуудын хооронд зогсож явж сувилалд очсон.

7. Эхлээд заавал шинжилгээ өгсөн хүмүүсийг л хилээр нэвтрүүлнэ гэж зарласан хэрнээ яг цагтаа болохоор шинжилгээний бичигтэй ирсэн үү ч гэж юу ч гэж асуугаагүй, бичгийг нь хараагүй, ядахдаа шинжилгээний бичигтэй нь бичиггүй хүмүүстэйгээ холилдохгүй байг ч гэж оролдоогүй. Уул нь халдвар аваагүйгээ нотолж байж эх орондоо ирэх гэж багадаа 80000-100000 төгрөгөөр хомсхон төсөвөөсөө хэмнэн хэмнэн 2 дахин шинжилгээ өгсөн шүү дээ.

8.Хил нэвтрэхээс өмнө ,хил нэвтэрсний дараа ч вагоны зардал гэж хэлэхгүй байснаа яг вагонд суусан хойно 36900 төгрөг хувь дансанд тушаах, өөр арга алга,хийхгүй бол вагон хөдлөхгүй гэж шаардан дахин цаг илүү суулгасан. Өнөөдөр монголын бүх гадаад төмөр замын вагонууд хоосон л зогсож байгаа шүү дээ. Арай ахиухан 50-60 мянган төгрөг аваад хүмүүсийг купэнд тусгаарлаж зөөсөн бол ингэж олон хүн халдвар авахгүй байх байсан. Монгол улс минь тэртэй тэргүй сул зогсож байгаа хэдэн вагоноо биднээс харамладаг гэж үү? Эсвэл купётэй вагон болон жолооч нар нь онгоц болоод нисэх баг шигээ бас дутагдалтай байдаг юм уу? Эсвэл тэртэй тэргүй халдвар чирч ирж байгаа хэдэн юмыг юугаар ч зөөсөн яадаг юм бэ,ямар ч орчинд зөөсөн яадаг юм бэ гэж хайхрамжгүй хандаж байгаа юм уу?

2 р шалтгаан. Хоорондын зай бариулах ,агаар сэлгэлт хийх, тээвэрлэлт хийж байгаа вагон унаанд ариутгал хийх зэрэг халдвар хамгааллын наад захын шаардлагууд хилээр нэвтэрсэн анхны мөчөөс алдагдаж ,хангалтгүй хийгдэж байна.

Баримт: 1. Хилээр нэвтрэнгүүт гялгар уутаар тусгаарлалт хийгээд 4 ш өрөөний чийгшүүлэгч тавьчихсан тэндээ хүн бүрийг 1 минут зогсоосон. Хувцас ачаа л ариутгаж байгаа юм билээ. Гэвч хаалга нь онгойж задгай нэвт салхилсан шахуу орчинд 4 ш үлээх төдий байгаа чийгшүүлэгч юу болох вэ дээ.

2. Вагонд явсан 15 цагийн турш гадна талбайг л олон дахин шүршиж ариутгаж байснаас вагоны 00 өрөөг нэг ч удаа ариутгаагүй,цэвэрлэгээ хийгээгүй. Хамт вагонд явсан эмч эгч л 3.4 удаа өөрийн хэрэглэж явсан талбай ариутгадаг шүршдэг бодисоор хана ,хаалга ,угаалтуур, суултуурыг нь шүршиж ариутгасан.

3 р шалтгаан. Халдвар хамгааллын дэс дараалал ноцтой алдагдан, хамгаалах хувцасгүй,бээлийгүй хүмүүсийг бөөнөөр нь хэт ойрхон нэг унаанд ачиж байна.

Баримт: 1. Вагоноос үүрээр буухад бүх хүмүүсийн ачаа, гутлын улыг ариутган шүршиж байсан боловч хамгаалалтын хувцас,бээлийг нь тайлуулан нойтон салфёткаар гарыг нь арчуулчихаад дахиад бөөнөөр нь автобусанд суулгаж 30 минут шахуу тусгаарлагдах сувилал хүртэл зай багатай давчуу орчинд тээвэрлэсэн. Яагаад сувиллын гадна очоод ийм ариутгалаа хийж болоогүй юм бэ? Яагаад ариутгасны дараа дахиад бүх хүнийг ачаатай нь хамт ганц автобусанд 50 аар нь,нэг фургонд 15 аар нь чихэж байгаа юм бэ? Бидний дунд өөрөө ч мэдээгүй халдвартай хүн байсан байх. Гагцхүү тэр хүмүүсээсээ халдвар авахгүй байх боломж байсаар байтал зохион байгуулалтын буруугаас өнөөдөр бид халдвар авч эрүүл мэнд болоод нэр төрөөрөө хохирчихоод байна !!! БИД ВИРУС ЧИРЧ ИРЭГСЭД!!! Харин тэр хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж,буруу удирдаж байгаа албан тушаалтнууд бол сайн ажилласан хүмүүс . ТЭД БОЛ БААТРУУД!!!
Бид нар эх орондоо корона вирус тээж авчраагүй шүү. Харин эх орондоо орж ирсэнийхээ дараа корона вирусын халдвар авсан. Цаашид юу болох бол гэж бодохоос айж байна. Тусгаарлалтын байранд үлдсэн хүмүүсээс давтан шинжилгээгээр корона вирус битгий илрээсэй. Гэхдээ илрэх байх. Өмнө нь 4 сарын 11 нд хилээр орж ирсэн оюутнуудаас удаа дараа вирус илрэхэд тэднийг бас л вирус чирч ирсэн гэж буруутгасан. ТЭД замдаа халдвар авсан байх гэж тайлбарлах гэж хичээсэн ч, хэн тэднийг сонсоогүй. Өнөөдөр энэний хохирогч нь би болоод хамт халдвар авсан хэд хэдэн хүн боллоо. Би чимээгүй өөрийгөө нуугаад эмчлүүлээд гарчихаж, тусгаарлалтад сувилалд байна,гэртээ байна, халдвар аваагүй гээд худлаа хэлчихэж болно.

ГЭВЧ !!! Дараа хилийн чанадаас ирэхээр хүсэлт гаргасан 10000 хүн бас ийм буруу зохион байгуулалтын золиос болох уу? Эх орноо гэж зорин зорин өдрийн бодол,шөнийн зүүд болон ирж байгаа залуус ,хөгшид, хүүхдүүд гээд дараа дараагийн удаагийн татан авалтаар ирэх элэг нэгт хүмүүс бидэн шиг битгий хохироосой гэж би хамгийн ихээр хүсэж байна. Хамгийн сүүлийн халдвар авсан хүн би байх болтугай.

 


URL: