Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас өчигдөр өглөөний 09:15 цагт хөөрсөн билээ. Тэгвэл тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 07.30 цагт Улаанбаатар хотод газардлаа. Энэхүү нислэгээр манай улсын 170 гаруй иргэн эх орондоо ирж байгаа юм.
Эдгээр иргэдийн ихэнх нь Энэтхэг улсад элэг солиулах хагалгаанд орох зэргээр эмчилгээ хийлгэж байсан хүмүүс аж. Яг одоогоор онгоц газардаж, зорчигчдыг буулгахад бэлтгэж байна. Иргэдийг онгоцноос буусан даруйд коронавирусийн халдвартай эсэхийг шинжлэх аж. Тиймээс эмнэлгийн болон бусад байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч, нэмэлт майхан барьж байгаа юм. ХӨСҮТ, эмнэлгийн яаралтай тусламжийн машинууд “Чингис хаан” онгоцны буудалд очоод байна.
Дашрамд дурьдахад, Энэтхэг улсад байгаа ламхай нарыг энэ удаагийн нислэгээр авчраагүй. Ламхай нарын байгаа хот Энэтхэгийн нийслэлээс 2000 км-ын зайтай байдаг аж. Тиймээс Делигээр дамжуулалгүй авах боломжийг УОК, Засгийн газар, ГХЯ-наас судалж байгаа ажээ.
URL: