Д.Цогтбаатар сайд аа, дипломат алба чинь Монгол Улсыг хааш нь чирээд байна вэ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцруулах шаардлагыг АН-ынхан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт өчигдөр хүргүүлсэн. Ерөнхий сайдын хувьд түүнийг “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр огцруулахгүйгээр бүрэн эрхийнх нь хугацааг дуусгавар болгохыг хүсч байгаа бол ядаж дараагийн удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаа эрх биш мэдэж байгаа байлгүй. Үндсэндээ Д.Цогтбаатар ганц МАН-ыг монголдоо муухай харагдуулах бус монголчуудыг бүхэлд нь дэлхий нийтэд гэмт хэрэгтэн болгоод байна. Тиймээс хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг.
Учир нь Европын Холбооны Комисс Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтаасан. Энэ нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай шууд холбоотой болж таарч байгаа юм. Хар жагсаалтад хамт хар тамхи, терроризм, хүний наймаагаараа дэлхийд тэргүүлдэг Афганистан, мөнгө угаалт, татварын гэмт хэрэг, оффшор бүс зэргээр олон улсад зартай Панам, хууль бус зэвсгийн наймаа, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлийг дэмждэг Хойд Солонгос зэрэг улс багтдаг.
Дээрхээс харахад манай улс хар тамхины хэрэгт хамааралтай болоод удаж байна. Бүр дипломат албаныхан нь зөөвөрлөж, тээвэрлэж, бүлэглэлд нь багтдаг гэдгийг Европын орны хууль хяналтын байгууллагынхан нотлоод байна. Хамгийн сүүлийн жишээгээр бол Турк улсын Ерөнхий прокурор манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт захидал илгээсэн байдаг.
Захидалд Истанбул дахь Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авахыг хүссэн тухай байжээ. Товчхонодоо Туркийн тал хар тамхины бүлэглэлийн гишүүдийг баривчлахад О.Kucukvadar, А.Ozsan, D.Teke нарын гар утсыг шалгах явцад Монголын дипломатчидтай тогтоосон харилцаа ил болсон гэдэг. Манай Ерөнхий консулын газрынхан хар тамхины наймааны бүлгийн гишүүд ажээ. Баривчлагдсан гишүүд хар тамхины гадаад руу гаргах тээвэрлэлтийг Турк дэх Монгол Улсын Ерөнхий консулын газрын дипломат дугаартай автомашиныг ашигладаг байсан тухайгаа ч ам алдсан байдаг. Мөн өнгөрсөн 2019 оны тавдугаар сард Истанбулын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг мансууруулах бодис Чехээс тээвэрлэж яваад Германд баригдсан. Үүнээс өмнө буюу 2019 оных нь нэгдүгээр сард Б.Энхмөнх, Б.Алтансүх нар Истанбул дахь Монгол Улсын ЕКГ-т бүртгэлтэй автомашинаар хар тамхины тээвэрлэлт хийгээд явж байсан нь ч тодорхой болсон.
Нэг ёсондоо өмнө нь Монголын дипломат алба өмнө нь янжуур зөөдөг гэх “хар” нэртэй байсан бол эрхэм сайд Д.Цогтбаатарын үед улс дамнасан хар тамхины сүлжээний гүйцэтгэгчид болчихсон.
Түүнчлэн хар жагсаалтад Монгол Улсыг оруулсан нэг шалтгаан нь Д.Цогтбаатар сайд өөртэй нь шууд хамааралтай. Тодруулбал, Гадаад харилцааны сайдын хувьд тэр оффшор бүсэд данстай, хөрөнгө зоорьтой гэдгээ тун ихээр нууцалж байсан нь ил болсныг монголчууд мэднэ. Биднийг мэдэхээс өмнө олон улсад ч энэ тухай зарлагдсан гэдгийг Д.Цогтбаатар сайд ч гадарлаж л байсан.
Тэгэхээр хамт олноо “манлайлан” Монгол Улс хар жагсаалтад орох шалтгаан болсон түүнийг Гадаад харилцааны салбар байтугай улстөрөөс холхон байлгах нь зүйн хэрэг болов уу.
URL: