Өмгөөлөгч Б.Ганболд: Б.Махбал хамарныхаа ясыг хуга цохиулчихаад сууж байтал талийгаач дахин ирж, цохихынхоо өмнө хэлсэн үг нь тэсгэл алдуулчихсан юм билээ
ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалын өмгөөлөгч Б.Ганболдтой ярилцлаа.
-Тантай ярилцлага хийхээр олон удаа санал тавьж байлаа. Тэр болгонд “Шүүх хурал болтол хэргийн талаар яримааргүй байна. Хуульч хүний ёс зүй гэж байдаг. Бүх асуудал хуулийн хүрээнд явах ёстой” гэж хэлдэг байсан. Одоо хэргийн талаар үнэн зөв мэдээллийг уншигчдад өгөх цаг нь болсон байх. Үнэхээр таны үйлчлүүлэгч Б.Махбал талийгаач Т.Гомбосүрэнгийн албан тушаалыг нь өөр хүнд өгөх гэж улайрч байгаад амь насыг нь хөнөөсөн юм уу. Улс төрийн захиалгат аллага гэж хүртэл нийгэм даяар шуугисан шүү дээ?
-Ярилцлагынхаа өмнө нэг зүйлийг хэлмээр байна. Өмгөөлөгчийн бас хувь хүнийхээ хувьд ч гэсэн эрдэнэт хүн амь насаа алдсанд харамсаж байна. Миний бие үйлчлүүлэгч Б.Махбалын өмгөөлөгчийн хувьд анх удаа, албан ёсоор танай сонинд ярилцлага өгч байна. Нэгэнт түүнд холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн тул энэ хэргийн талаар бодит үнэнийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хавтаст хэрэгт авагдсан баримтыг хуулийн хүрээнд олон нийтэд дэлгэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, болж өнгөрсөн хэргийн үнэн зөвийг ярих юм.
Түүнээс харамсалтайгаар амь насаа алдсан залууг харлуулж, буруутгах гэсэн зүйл огт байхгүй. Зөвхөн хэргийн үнэнийг л олон нийтэд үнэн зөвөөр нь хүргэхэд болно. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлын талаар хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр буруу ташаа зүйл олон удаа яригдсан, бичигдсэн. Огт болоогүй зүйлсийг санаанаасаа зохиож нийгэм даяар дуулиан шуугиан дэгдээсэн байдаг. Улстөрчид хүртэл хэргийн талаар үнэн зөв ойлголт байхгүй мөртлөө мэдэж байгаа юм шиг илтэд худал мэдээлэл олон нийтэд тараасан. Бид өнөөдрийг хүртэл тэсвэр тэвчээр гарган “Үнэн зөв ялгарна” гэсэн итгэл үнэмшилтэйгээр хүлээцтэй хандаж ирсэн болохоо юуны өмнө илэрхийлье.
Жишээ нь гэхэд л, УИХ-ын чуулганы индэр дээрээс хүртэл “… олон цаг зодож алсан алуурчин. Хүүхдийнх нь нэр дээр хэдэн арван компани, лиценз, машинтай” гэхчилэн ярьж, хүн биш араатан аятай цоллож, ажил албан тушаалын төлөө хүн алсан мэтээр ярьж, нэр төрд нь халдаж, хэргийн болсон үйл явдлыг мэдэхгүй хэрнээ мэдэмхийрч, хэт хөөсрүүлж, улстөржүүлсэн нь нэн харамсалтай. Гэтэл түүний хүүхдийнх нь нэр дээр нэг ч машин бүртгэлтэй байдаггүй юм. Лавлагааг нь улсын бүртгэлээс гаргасан байдаг. Хэргийн талаар ярихаасаа өмнө шүүхийн шийдвэрийн талаар ярих хэрэгтэй байх. Дараа нь хүссэн хүсээгүй хэргийн талаар ярина.
-Юунаас болоод шүүх хурал олон удаа хойшлоод байсан юм бэ. Б.Махбалын талынхан нөлөөлөөд шүүх хурал хойшлогдоод байна гэдэг шүү дээ?
-Энэ хэргийн шүүх хурал олонтаа хойшилсон нь үнэн. Манай талаас хамаарч хоёр удаа хойшилсон, бусад нь хохирогч талаас шалтгаалсан. Өмгөөлөгч нэмж авах эсхүл бүх өмгөөлөгчөөсөө татгалзах, өвчлөх гээд олон шалтгаан байсан. Гэтэл үүнийг “Биднээс болоод байгаа юм шиг” тайлбарлах нь өрөөсгөл, ташаа ойлголт гэдгийг зориуд хэлмээр байна. Харин ч бид асуудлыг нэг талд нь багтаая гэж хичээж ирсэн.
-Энэ удаагийн шүүх хурлын үйл явц юу болж өнгөрөв?
-Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Ер нь бол эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр үндсэн хэсгээс бүрддэг юм. Нэг нь гэм буруугийн шүүх хуралдаан, нөгөө нь эрүүгийн хариуцлага буюу ялын шүүх хуралдаан. Тиймд энэ хоёр шүүх хуралдааны талаар задлан яръя. Гэм буруугийн шүүх хуралдаан явагдсан, эхэндээ. Гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч Б.Махбал хүний амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшин харуусаж, гэм буруугийн тал дээр маргадаггүй. Харин өмгөөлөгч нарынх нь хувьд хэргийн зүйлчлэл дээр зөвхөн мэргэжлийн хувьд өөр байр суурьтай байдаг.
Гэхдээ саяны шүүх хуралдаанд бидний зүгээс энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурийг иш үндэс болгосон юм. Харамсалтай нь, шүүх хүлээж авсангүй. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр дээрх байр суурийг баримталсан явдал нь хэд хэдэн суурь шалтгаантай. Юуны өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, энэ дагуу хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн явдалтай холбоотой. Нөгөө талаар дараах нөхцөл байдлууд хэрэгт үүссэн.
Нэгдүгээрт, Хэргийн харьяалал зөрчигдсөн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр гарсан хэрэг байхад Нийслэл мөрдөж, хяналт тавьсан. Хоёрдугаарт, Бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл холбогдол хэрэгт байдаг. Амь хохирогч амьд ахуй цагтаа энэ хэргийг сэдэж, миний үйлчлүүлэгчээс гадна хоёр ч хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан бөгөөд энэ гурван хүнд, үргэлжилсэн үйлдлээр буюу ээлж дараалан дайран зодож, гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл талийгаачийн энэ хууль бус, гэм буруутай, гэмт үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй, хохирогчоор тогтоогдсон хүн байсаар атал үйлдэл, холбогдлыг нь хэрэгсэхгүй болгох зэргээр эцэслэн шийдвэрлээгүй орхигдуулсан. Жишээ нь, тэр үйл явдлын үеэр талийгаачаас болж хавиргууд нь хугарч хүндэвтэр гэмтэл авсан хүн ч бий. Хууль, номын дагуу бол гэмт хэрэг үйлдсэн этгээд нь нас барсан байсан ч гэсэн түүний үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол заавал шалган тогтоодог. Үүний дараа “Яллагдагчаар татагдвал зохих этгээд нас барсан бол” гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож хаадаг журамтай.
Энэ журмыг эс зөвшөөрвөл нас барсан этгээдийн гэр бүлийн гишүүн эсхүл түүний гэмт үйлдлийн улмаас хохирсон этгээд хохирол төлбөрөө гаргуулан авах эрх нь нээгддэг. Гуравдугаарт, Б.Махбалын “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг шүүх Сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийлгэж тогтоо” гэсэн Шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэрийг прокурор биелүүлээгүй буюу шинжилгээ хийлгэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ийм ийм үндэслэл байна хэмээн манай өмгөөллийн баг санал нэгдэж, байр сууриа илэрхийлсэн ч шүүх хүлээн аваагүй, үйлчлүүлэгчийг маань гэм буруутайд шууд тооцсон. Энэ бол мэргэжлийн хувьд харалган шүүхийн шийдэл байсан. Учир нь, бие даасан гэмт хэрэг, зөрчлийн шинж байхад шалгах ёстой. Шүүхийн шийдвэр нь нэгэнт гарсан байхад тэр шийдвэрийг бүх хүн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч заавал биелүүлдэг хуультай.
Гэтэл анхан шатны шүүх өөрийнхөө гаргасан шийдвэрээ үгүйсгэхийн сацуу өөрийн ижил хэмжээний шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрх эдэлж, дураараа аашилсан явдал нь шүүхэд буруу практик тогтоох аюул бий болгосон нь нэг талаар гайхалтай бөгөөд гайхамшиг гэлтэй. Энд миний үг үнэгүйдэж болох. Тэгвэл шүүх хуралдааны бүх үеийн турш байж, нотлох баримт шинжлэн судлахад оролцож, ард түмнийг төлөөлж, тэдний дуу хоолой болж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхэд дүгнэлт гарган оролцдог Шүүхийн иргэдийн төлөөлөл дүгнэлт хэлэхдээ “Энэ хүнийг өрөвдөж байна, тун хэцүү байж дээ” хэмээн халаглан уйлсныг юу гэх вэ. Олон л шүүх хуралдаанд орж байлаа. Ийм иргэдийн төлөөлөлтэй таарч байсангүй. Хэрэв Б.Махбал хүнийг үнэхээр онц хэрцгийгээр, санаатайгаар аймшиглан алчихсан юм бол энэ хүн түүнийг өрөвдөж, нулимс унагах ямар хэрэгтэй гэж. Үүнээс үзэхэд хэрэг явдал өөр гэдэг нь харагдаж байгаа биз.
Шүүх нэгэнт миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон учраас хүссэн ч, эс хүссэн ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. Харин бид энэ шүүх хуралдаанаас хуульд заасан эрхийнхээ дагуу тав хоногийн завсарлага авч, хохирлын талаар зөвлөлдөхөд хүрсэн. Учир нь, шүүхээс миний үйлчлүүлэгч зарим хохирлыг төлөх талаар шийдвэр гаргасан.
-Талийгаачийн ар гэрийнхэнд төлсөн нөхөн төлбөрийг хэлж байна уу?
-Амь хохирогчийн ар гэрээс оршуулгын зардалд 84 сая төгрөг нэхэмжилснийг бүрэн төлсөн. Мөн 693 сая төгрөг дээрх хохирлоос гадна нэхэмжилсэнээс шүүх 100 сая 300 гаруй мянган төгрөгийг төлөхөөр тогтоосон ба тав хоногийн завсарлага авсан хугацаандаа төлж барагдуулсан. Үүнээс гадна хүүхдийнх нь сургалтын төлбөрт зориулан 20.000 ам.доллар өгсөн явдал ч байдаг.
-Ийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн тохиолдол шүүхийн практик бий юү?
-Миний мэдэхээр бол байхгүй. Хамгийн сүүлд гэхэд миний бие 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн хаалганы төмөр шон унаж, 10 настай хүү амь үрэгдсэн хэрэгт амь хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан. Энэ хэрэгт есөн сая төгрөгийн л оршуулгын зардал гаргуулж авсан. Шүүхийн практикт хохирогч талаас мөнгө нэхэмжлэх нь элбэг. Иргэний хуульд зааснаар хохирогч өөрт учирсан сэтгэл санааны болон бусад хохирлоо мөнгөөр үнэлж нэхэмжлэхийг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ хохирогчийн амь насыг мөнгөөр үнэлж байгаа хэрэг биш байх. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх аргагүй.
-2018 оны наймдугаар сарын -9-ний орой Зам тээвэр хөгжлийн яамны гадна болон дотор юу болж өрнөсөн юм бэ. Нэгнийгээ зодож амь насаа хөнөөх болсон шалтгаан юу байсан юм бол. Хүмүүсийн яриад байгаа шиг үнэхээр хэдэн цаг зодож, яргалсан юм уу?
-Би хувьдаа энэ хэргийн талаар бодит дүрс бичлэг камерт буусан учраас нийтэд цацах, хэргийн шүүх хуралдааныг нээлттэй, шуудаар олон нийтийн сүлжээгээр дамжуулах хүсэлтэй байсан. Уг нь асуудалд бид ингэж бодит хандах л учиртай юм. Хэрэг явдлын тухайд бол үнэхээрийн харамсалтай үйл явдал болсон. Бид ар гэрийнхнээс нь албан ёсоор гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйсан. Харин хэргийн үнэн зөвийг хууль, шүүх тунгаах ёстой. Шүүх хурал ч болсон. Нэгэн монгол сайхан залуу шороон дор булагдаж, нөгөө нь шоронд оров. Манай шүүх, хуулийнхан асуудлыг өнөөдрийн байдлаар ингэж л шийдлээ.
Эндээс хэн хожив, хэн хохиров. Асуудал шийдэгдсэн мэт боловч асуудал асуултын тэмдэгтэй хэвээр үлдэж байгааг бид бодох хэрэгтэй. 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр энэ гэмт хэрэг Зам тээвэр, хөгжлийн яамны гаднах талбайд болж өнгөрсөн. Арав орчим минут үргэлжилсэн үйл явдлаас миний үйлчлүүлэгчийн үйлдэл нийт 54 секунд байдаг. Ийм багахан хугацаанд хохирогчийн амь нас хохирсон харамсалтай хэрэг.
-Таны хэлж байгаагаар Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэнг 54 секунд орчим зодсон болж байна уу?
-Үнэн чанартаа маш тодорхой хэрэг шүү дээ. Яагаад гэвэл камерт үлдсэн бичлэгтэй байхгүй юу. Энэ бичлэгийг үзэхэд бүх хүнд маш сайн ойлгогдоно. Маргах зүйлгүй л гэсэн үг л дээ. Өмнө нь энэ хэргийг шүүж, мөрдөн байцаалтад буцаасан шүүгч энэ бичлэгийг үзээд амь хохирогчийг гараараа долоон удаа цохих, хөлөөрөө таван удаа өшиглөх зэргээр онц харгис аргаар зодож алсан гэж дүгнэсэн байдаг. Гайхалтай нь, амь хохирогч тэгвэл хэн хэнийг хэдэн удаа, хаана нь яаж, цохиж, өшиглөж зодож гэмтээсэн болохыг нь тоолж тогтоодоггүй. Хууль, шүүх хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой биз дээ.
Хууль хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн тайлбарт заахдаа “Үйлдлийн тоо олон байх нь дан ганц онц аюултай гэж үзэх шинж биш” гэдгийг онцолсон байдаг. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч энэ хүнийг алахаар урьдчилан төлөвлөөгүй, хутга мэс хэрэглээгүй, өс хонзон, өр авлага байхгүй. Хохирогчид хүчээр дарлагдаж буюу хүндээр доромжлогдож байхдаа л түүний хууль бус үйлдлийн эсрэг биеэ барих, хянах чадвараа алдсан үедээ амь насыг нь бүрэлгэсэн. Хэрхэн яаж гэдгээ бол мэддэггүй, санадаггүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч “Хохирогч тухайн гэмтлийг авсан даруйдаа маш богинохон хугацаанд нас барна” гэж мэдүүлдэг. Камер дахь бичлэгийг харахад бүх юм ердөө 54 секундэд болж өнгөрсөн байдаг. Эдгээрээс үзэхэд яагаад ч онц аюултай арга биш гэдэг нь хууль зүйн болон бодит байдлын хувьд ойлгогдоно. Хуулийн ангид суралцдаг наад захын оюутан ч мэдэх асуудал.
-Хэрэг гарах болсон шалтгаан, нөхцлийн талаар өмгөөлөгчийн хувьд та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Миний харж байгаагаар энэ гэмт хэрэг хоёр суурь шалтгаантай. Нэгдүгээрт, архидан согтуурах. Хоёрдугаарт, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Төрийн захиргааны төв байгууллага буюу яам, тамгын газарт ажлын байран дээрээ архидан согтуурсан нь яахын аргагүй буруу. Амь хохирогч дунд зэргийн согтолттой байсан нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон. Харин миний үйлчлүүлэгч хэр зэргийн согтолттой байсан нь нарийн нотлогдоогүй. Бид үүнийг нотолж өгөхийг ямагт шаардсаар ирсэн. Амь хохирогчийн гэм буруутай, хууль бус үйлдэл энэ хэрэг дээр нэлээд тод томруун харагдана шүү.
Үүнд, өөрөөсөө ахмад настай хүн рүү “Чи надаас юугаараа илүү юм. Үндэс угсаа нэг шүү п… минь” гэж хэлээд хамрыг нь хуга цохиж, нус нөжтэй нь хутгасан. (Сонин нь миний үйлчлүүлэгчийн хамрын хугарлыг нь гэмтэл гэж үзээгүй буюу гэмтлийн зэрэг тогтоогоогүй байдаг юм шүү дээ) Мөн татаж байсан тамхиа миний үйлчлүүлэгчийн ам руу хийж, тат гэж тулган шаардсан байдаг. Зүгээр зогсож байхад нь араас нь өшиглөх, нүүр рүү нь удаа дараа шанаадаж, оч гал манартал, амьдрал нь “Хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэлх байдлаар нүднийнх нь өмнө зурайн өнгөртөл” толгой руу нь гараараа цохиж, зодсон. Салгах гэж очсон хоёр ч хүн рүү дайрч зодож, босч чадахгүй болтол нь өшиглөж, унагах зэргээр гэмт халдлага үргэлжлүүлэн хийсэн.
Эцэс сүүлдээ манай үйлчлүүлэгчийн арга барагдаж, өөрийгөө хамгаалах ч учраа олохгүй, “Дарга хүн байж больчихгүй юм байх даа, би ингээд л үхдэг юм байж” хэмээн бодолд автан айж түгшин сууж байх үед нь “Ямар үхдэггүй муу новш вэ, чамайг алсан байхад хууль надад үйлчлэхгүй шүү” хэмээн орилж миний үйлчлүүлэгч рүү халдан довтолсон байдаг. Энэ бүхнийг тэсэж тэвчсэн ч миний үйлчлүүлэгч тухайн үед шоконд орж, амь хохирогчийн эсрэг бүхий л үйлдлээ хийж, нэг мэдэхнээ түүнийг хэдэнтээ цохиж, өшиглөсөн байдаг ба энэ бүхнээ сүүлчийн авсан цохилтоосоо хойш үл санадаг. Миний үйлчлүүлэгчийг ингэж тэсгэл алдаж, бие сэтгэлээ барих, хянах чадвараа алдахад хүргэсэн амь хохирогчийн хууль бус гол үйлдэл, гэм буруу нь сүүлчийн гуравдахь удаагийн цохилт бөгөөд энэ цохилтыг хийхийнхээ өмнө “Хүүхэн ч олигтой ш… чадахгүй п…, авгайг чинь ш… шүү” гэж хэлсэн үг.
Түүнээс биш албан тушаалыг нь авах гэж хүн алсан хэрэг огт биш гэдгийг хэлмээр байна. Адил албан тушаалтай хүн нэгнээ алж ажлыг нь авна гэсэн ойлголт байхгүй. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч хэн нэгнийг ялангуяа амь хохирогчийг ажил албанд томилдог, сольдог эрх дархтай нэгэн байгаагүй. Харин төрийн тусгай хамгаалалттай газарт гарсан хэрэг явдал тул тэрхүү албан хаагч нарыг миний үйлчлүүлэгч дуудсан байдаг ч харамсалтай нь ирээгүй байдаг. Хэрэв тэд ирээд зодооныг салгасан бол тийм зүйл болохгүй байсан юм билээ. Эрдэнэт хүний амь нас үрэгдэхгүй байсан ч байж мэднэ. Энэ нь илүү үнэнд нийцэх биз ээ.
-Тухайн үед УИХ-ын гишүүн хүртэл албан тушаалыг нь авах гэж талийгаачийг хөнөөсөн гээд л яриад байсан. Улстөржилт нэлээд явагдсан байх нь?
-Тиймээ. Ингэж л улстөржиж, уран гоё ярьдаг болжээ. Миний үйлчлүүлэгчийг бусдын албан тушаалыг авах санаатай байсан хэмээн үзэж, хэргийг нь хүндрүүлэн зүйл анги нэмж, зөндөө шалгасан. Энэ асуудлыг бүх талаас нь шалгасны эцэст шүүх хэрэгсэхгүй болгосон.
-Талийгаач яагаад тэгж авирлах, элдвээр хэлэх дээрээ хүрсэн юм бол?
-Хувь хүн болсон хойно амьдралд тулгамдсан олон л зүйл байдаг байх. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Төрийн албан хаагчийн шалгалтад хөдөө, хотгүй ороод тэнцдэггүй, үүнээс болж даргын албандаа жинхэлж чадаагүй, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 200 орчим сая төгрөгтэй холбоотой өргөдөл АТГ дээр ирж шалгагдаж эхэлсэн зэрэг байдал болон ар гэрийн ч юмнууд байсан бололтой юм билээ. Тухайлбал, хэрэг учрал болохоос хэдхэн минутын өмнө гэхэд л төрсөн хүү нь утас руу нь залгасан байдаг. Гэтэл “Наад хүүхдэдээ дээрэлхүүлж байхдаа яадаг юм. Боожгой руу нь өшиглө, гэнэдүүлж байгаад цохь” гэхчлэн үг зааж өгсөн нь бий.
Яг энэ зан үйлээ тэр цаг дор гаргасан гэж би хардаг. Энэ нь амь хохирогч сэтгэл зүйн хувьд тогтвортой бус, нэлээд бухимдуу, цухалдуу байсныг нь харуулдаг. Тийм ч учраас шүүх хуралдаан дээр нотлох баримтаар судлан шинжлүүлж, өмгөөллийн үгэндээ оруулж хэлсэн. Гэхдээ ямар нэг байдлаар амь хохирогчийг буруутгахын тулд буруутгаж, аль болох харлуулж будах гэсэн санаа байхгүй. Зөвхөн хэргийн үнэн мөнийг л олох, харуулах гэсэн юм шүү.
-Та шүүхийн шийдвэртэй санал нийлж байна уу?
-Сурсан мэдсэн ном, хууль зүй, онол, практикийн дунджаар бол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх ёстой. Ядаж л шүүхийн шийдвэр биелэгддэг баймаар байна. Миний үйлчлүүлэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэхийг, хохирогч ямар гэмт хэрэг үйлдсэнийг, түүний улмаас хэн хэн хэрхэн яаж хохирсныг, хохирол төлбөр, гомдол саналаа яахыг нь нэг талд нь багтаах л ёстой. Улс төр болон бусад хувийн амбицаас хол, мэдлэгт тулгуурласан, үнэнд дөхөм, хэрэглээ нь зөв шүүх, хуультай болно гэдэгт итгэж л явна.
-Хуульчийн хувьд тань хүний эрх, өмгөөллийн талаар таны санаа бодлыг сонсоод ярилцлагаа өндөрлөхийг хүсэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүний эрх, өмгөөлөл, хууль, хүний амьдрал бол нэг цул, биенээсээ урган гарч байдаг, салшгүй ойлголт юм. Энэ талаар би “Өмгөөлөгдсөн хүний эрх” гэсэн бүтээлдээ тусгайлан авч үзсэн байгаа. Хуулийн амьдрал практикт энэ асуудал хамгийн тод илэрч харагддаг. Хэдийгээр хүний амь нас бусниулсан ч миний үйлчлүүлэгч ч гэсэн хүн. Хүн болохынхоо хувьд эдлэх эрхтэй байх нь дамжиггүй. Энэ эрхийг нь эдлүүлэх, зөрчигдөхөөс нь урьдчилан сэргийлж, хуулиар өмгөөлөгч авах эрхийг хүн бүрт адил тэгш олгосон байдаг.
Тиймээс хүний эрхийн манаанд хуульчийн үүргийн хувиар баттай зогсох нь өмгөөлөгч хүний ариун үүрэг гэдгийг эцэст нь онцлон хэлье. Нэг ч хүн үл үхэж, нэг ч хүний эрх үл зөрчигдөж, эрүүл энх, аз жаргал дүүрэн элэг бүтэн амьдрал хүн бүрт байхыг хүсдэг. Өмгөөлөгдөөгүй хэчнээн хүний эрх бидний ард үлдэж, зөрчигдөж байгааг бид мэдэхгүй шүү дээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
URL: