О.Ариунтуяа: Камбож, Лаос улсад 30 хоногийн турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

255

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл ”Дэлхий дахинаа коронавирусийн халдварын тохиолдол 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа. Түүнчлэн 1.8 сая хүн эдгэрч, 2.6 сая хүн одоогоор эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 14 мянгаар, нас баралт 600-аар буурсан үзүүлэлт юм.

Манай улстай хил залгаа Хөвсгөл, Сэлэнгэ аймгийнхан сэрэмжтэй байхыг анхааруулъя. Улсын хэмжээнд 1,747 хүн ажиглалтад байгаагаас архаг хууч өвчтэй, эмнэлгийн тусламж авч байгаа 133 хүн бий. Мөн шуурхай албаны 119 дугаарт 166 иргэн хандаж зөвлөгөө авсан ба БНСУ 1, ОХУ 1, Бельги улсаас 1 иргэн тус тус холбогдсон. Ингээд иргэддээ амны хаалтаа тогтмол зүүж явахыг зөвлөж байна” гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа ”Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д шинэ тохиолдол 4 хувь, Бразилд 6 хувь, АНУ, Их Британи халдварын тохиолдол тус тус нэг хувиар нэмэгдсэн байна. Нас баралт ОХУ-д 1 хувь, ХБНГУ-д 4.5 хувь, Бразилд 7 хувь, Италид 15 хувьтай байна. ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн ихэнх орнуудад халдварын эхний болон хоёр дахь давалгааны дараа тархалт буурах хандлагатай байна. Камбож, Лаос улсад 30 хоногийн турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Вьетнамд долоо хоногийн турш шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол Япон, Малайзад халдвар авсан хүний тоо буурч байна. Түүнчлэн Сингапурт гадаад ажилчдын дотуур байрны голомт, БНСУ-д шөнийн клубын голомтоос уг вирусийн халдварын тоо нэмэгдэж байна. Тэгвэл хүүхдэд коронавирусийн халдварын тохиолдол харьцангуй цөөн бүртгэгдэж, буурч байна.

Мөн насанд хүрэгчдийн 4 хувь нь, хүүхдийн 80 хувь нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. Үүнийг тус бүр 15 хувиар нэмэгдүүлэх үүднээс ДЭМБ нь Олимпын хороотой хамтран идэвхтэй хөдөлгөөнд уриалах ажлуудыг хийхээр болжээ. Мөн дотны хүнээ алдах, хөл хорионы улмаас үүдэх нийгмийн сэтгэлзүйн байдалд өөрчлөлт орсон” гэсэн мэдээллийг өглөө.


URL: