Данс тулгаж дууссаны дараа 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв
Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Таван толгой” ХК 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараахаар болсон. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй.
Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ногдол ашиг авах юм. Иргэд хувьцааны мөнгөө авахдаа, үнэт цаасны компанид дансаа нээлгэх ёстой. Өдгөө нийт иргэдийн ердөө 1/5 нь 1072 хувьцааны дансаа баталгаажуулаад байна. Тиймээс иргэдэд хэрхэн дансаа нээлгэх, баталгаажуулах талаар мэдээлэл өгөх үүднээс сурвалжлага бэлтгэлээ. Эхлээд бид 1072 мэдээллийн төв дээр очсон юм. Энэ төв иргэдэд 1072 хувьцааны талаар мэдээлэл, зөвлөмж өгдөг билээ. Биднийг ороход тав, зургаан оператор ажилтан суусан байгаа харагдана.
Бид наад талаасаа хамгийн эхний эгнээнд суух мэдээллийн ажилтан дээр очлоо. Тэрээр утсаар ярингаа бидэн рүү толгой дохин сандал авч суухыг хүслээ. Тус төвд өдөртөө 100 гаруй иргэд ирж, зөвлөмж авдаг гэнэ. Мэдээллийн төвийн ажилтан “Эхлээд та регистрийн дугаараа өгнө үү. Таны дансанд хэдэн хувьцаа байгааг шалгаж өгье” гэлээ.
Тэрээр “Ногдол ашиг гэдэг энгийнээр бол аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ жилд нэг удаа хуваарилахыг хэлнэ. Энэ жил “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн нэг ширхэг хувьцааны ногдол ашиг 90 төгрөг. Тэгэхээр та өөрийн хувьцааны тоог 90 төгрөгөөр үржүүлж, авах ногдол ашгийн хэмжээгээ тооцоолох юм. Тухайлбал, 1072 хувьцааг 90 төгрөгөөр үржүүлэхэд 96480 төгрөгийн ногдол ашгийг та авна гэсэн үг. Хувьцаагаа онлайнаар шалгах даа www.1072ETT.mn веб сайт руу орж, регистрийн дугаараараа шалгах боломжтой” гэв.
ЭХНИЙ ЭЭЛЖИНД ИРГЭД БРОКЕРИЙН КОМПАНИ ДЭЭР ОЧИЖ ДАНСАА НЭЭЛГЭХ ЁСТОЙ
Мэдээллийн ажилтны зөвлөж байгаагаар “Одоогоор Монгол Улсад 52 брокерийн компани үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр компаниудаас 12 нь онлайнаар данс нээж байна. Биечлэн очих бол иргэний үнэмлэхтэйгээ брокерийн компанид очиж, хураамжаа төлөөд дансаа нээлгэнэ. Брокер болгон харилцан адилгүй үнэтэй. 5000-10000 төгрөгийн хураамжтай данс нээж байгаа. Учир нь үйлчилгээний төрөл гэх зүйлсээс хамаараад харилцан адилгүй үнэтэй. Иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний төрлөөсөө шалтгаалаад хураамжийн мөнгө янз бүр байдаг. Илүү их мэдээлэл зөвлөгөө өгдөг газрууд нь илүү үнэтэй, арилжаанд төдийлөн оролцдоггүй, зөвхөн дансны үйлчилгээ үзүүлдэг нь хямд байна. Тэгэхээр иргэд эдгээр компаниас сонгохдоо аль болох Монголын хөрөнгийн биржийн сайт дээр гишүүн брокерүүдийн жагсаалтаас арилжааны идэвхийг нь хараад, хэр их идэвхтэй арилжаанд оролцдог, арай олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудаас харж байгаад сонголтоо хийвэл зүгээр. Бидний зүгээс энэ нь сайн, тэр нь муу гэдэг зааварчилгааг өгөхгүй. Иргэд өөрсдөө сонгоно. Бүх хувьцаат компани ногдол ашигаа яаж тараадаг вэ гэдэг зарчмаар тухайн брокер дээр бүртгэлтэй байгаа иргэдийн дансаар дамжуулж ногдол ашгаа тараана. Тиймээс эхний ээлжинд иргэд маань брокер компаниуд дээр очиж дансаа нээлгэх ёстой. Ингэхдээ байнга ашигладаг арилжааны банкны дансаа өгөхөд таны өгсөн дансаар дамжуулаад ногдол ашиг тань орно. Одоогоор хүмүүсийн дансанд ногдол ашиг ороогүй байгаа” гэсэн юм.
ИРГЭДИЙН 1072 ХУВЬЦААНЫ ДАНСЫГ БАТАЛГААЖУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ногдол ашиг тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш үнэт цаасны данс нээлгэсэн хувьцаа эзэмшигчийн өөрийн нэр дээрх арилжааны банкны дансанд шилжин орохоор болсон. Гэтэл одоог хүртэл иргэдийн дансанд ногдол ашиг ороогүй байгаа юм. “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс иргэдийн хувьцааны мөнгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор иргэдийн өгсөн дансыг давхар тулгах ажил хийгдэж байгаа аж. Давхардаж байгаа данс байна уу, дансны дугаар нь тухайн хүнийх мөн үү гэдгийг нягталж байгаа гэнэ. Одоо иргэдийн 1072 хувьцааны дансийг баталгаажуулах ажил үргэлжилж байна.
Иргэд өөрийн байгаа газартаа хамгийн ойр брокерийн компанийг 1800-1072 дугаараас асуух боломжтой юм. Бид хамгийн ойр байрлах брокерийн компанийг зорилоо. Тусгаар тогтнолын ордны ард байрлах “Сити” товерийн 18 давхарт “Гүүдсек” брокерийн компани үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Биднийг ороход “Таны данс мөн үү, энэ данс давхар ашиглагддаг юм байна” хэмээн брокерууд данс тулгалтын ажлаа хийж байлаа.
Данс нээлгэхэд брокерүүд иргэдээс дансны дугаар, эцэг эхийн нэр, гар утасны дугаар гэх анхан шатны мэдээллийг авдаг юм байна. Бүрдүүлэх бичиг баримт гэвэл ердөө иргэний үнэмлэхээ аваад очиход болно. Иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн бол улсын бүртгэлээс шүүлгэх боломжтой. “Гүүдсек” брокерийн компанийн хувьд 7500 төгрөгийн хураамж авдаг юм байна.
Үнэт цаасны данстайгаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбосон иргэдэд тэргүүн ээлжинд ногдол ашиг шилжин орох аж. Тиймээс данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан үнэт цаасны данстай холбосон банкны дансны мэдээллээ шалгах, буруу тохиолдолд шинэчлүүлэх шаардлагатай.
“Гүүдсек” үнэт цаасны компанид 2008 оноос хойш дансаа нээлгэсэн 400 гаруй мянган харилцагчид дараахь гурван алхмын аль нэгээр банкны дансны мэдээлэл болон хувийн мэдээллээ зөв эсэхийг шалгах, шинэчлэх боломжтой. Фэйсбүүк мессенжерээр m.me/goodsechelp хаяг дээр дарж регистрээ оруулан шалгах, баталгаажуулах. Цахим хаягт хандан шалгах, баталгаажуулах www.goodsec.mn/confirm,. Хэрэглэгчийн систем болох www.goodsec.mn/login хаягт хандан үнэт цаасны данс нээлгэх үед олгогдсон нэр нууц үгийн тусламжтай нэвтэрч шалгах, баталгаажуулах боломжтой гэнэ.
И-БАРИМТ АППЛИКЭЙШНЭЭР ИРГЭД НОГДОЛ АШГАА АВАХ БОЛОМЖТОЙ
“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогоос энэ талаар тодруулахад “Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо хоёр сая 512 мянга болсон бөгөөд үүнээс хоёр сая 36 мянган иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцааны данс гэдэг нь зөвхөн 1072 хувьцааны ногдол ашиг авах төдийгөөр хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээлд арилжаа эрхлэх боломж гэж харах хэрэгтэй. Монголчууд маань 1992 оноос хойш санхүүгийн зах зээлээс банктай л хамгийн ойр харилцаж ирсэн харин хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт тун тааруу. Тийм учраас хувьцааны данс нээхийн ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байна. Тухайн иргэн брокер диллерийн компанид дансаа нээлгэснээр Монголын хөрөнгийн бирж дэх 200 гаруй компанийн худалдан авч, арилжаа хийж ашиг олох боломжтой гэдгийг дурдах ёстой.
Бид өмнө нь 1072 хувьцааны данс нээхийн тулд заавал брокер диллерийн компанид дансаа нээлгэхийг шаардаж байсан. Одоо бол Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор заавал дансаа нээлгэхгүй байх боломжийг бүрдүүллээ. Энэхүү шийдэл нь и-баримт аппликэйшн юм. Ингэснээр хувьцааны дансгүй иргэд ногдол ашгаа ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр авах юм.
И-баримтад 1.3 сая гаруй иргэдийн банкны данс баталгаатай бий. Иргэд энэхүү дансаараа НӨАТ-ын буцаан олголтоо авдаг. Энэхүү дансаараа иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авах боломжтой учраас бүртгүүлээд баталгаажуулах ёстой. Манай иргэдийн дийлэнх нь и-баримт системийг ашиглаад сурчихсан учраас хүндрэл бэрхшээл үүсэхгүй” гэлээ.
С.ЛХАМСҮРЭН
Өдрийн сонин
URL: