Японд 10 мянган хүнд коронавирусний эсрэг биетийн шинжилгээ хийнэ
ТОКИО. /TASS/. Японы эрх баригчид ирэх сард дор хаяж 10 мянган хүнийг коронавирусний эсрэг биетийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна гэж тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Кацунобу Като мэдээлжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусээр халдварласан хүний тоо 16800 давж, 720 хүн нас барсан бол 9000 гаруй өвчтөн эдгэрчээ. Энэхүү тоон үзүүлэлтэд “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдвар авсан 700 гаруй зорчигч болон багийн гишүүдийг оруулсан байна. Одоогийн байдлаар 250 орчим хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ.
Японы эрх баригчид дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн нийслэл Токио хот болон тус хоттой зэргэлдээ орших Канагава, Сайтама, Чиба мужуудад, Хоншюү арлын баруун өмнөд нутгийн Осака, Хёго хот, Кюшү арал дэх Фүкүока мужид онцгой байдал зарлаж, 16-наас бүх 47 мужид тогтоосон юм. Онцгой байдлын дэглэм тавдугаар сарын 6-нд дуусах байсан боловч 31 хүртэл сунгасан билээ. Гэсэн хэдий ч Японы Засгийн газар 47 мужийн 39-т нь тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцалсныг пүрэв гарагт мэдэгджээ. Харин Токио хот, зэргэлдээх Канагава, Сайтама, Чиба мужууд, Хёго, Киото, Осака хот, мөн Хоккайдо арал дээр тогтоосон онцгой байдлын дэглэм доод тал нь тавдугаар сарын 21 хүртэл хүчинтэй хэвээр байх аж. Эдгээр бүс нутагт нийтдээ 60 сая хүн оршин суудаг байна.
URL: