Гэр бүлээрээ хамтран машин хулгайлж, зардаг этгээдүүдийг илрүүлжээ

225

2020 оны дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоолоос 2719 УБӨ улсын дугаартай тоёота пробокс маркийн автомашин хулгайд алджээ. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан уг автомашиныг тавдугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олж тогтоосон байна.

Тус тээврийн хэрэгслийг гэр бүлийн харилцаатай 27 настай эрэгтэй Н.Ч, 32 настай эмэгтэй Э.У нар бүлэглэн хулгайлж, уг автомашины арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах зорилготой байжээ.

  • Цагдаагийн байгууллага шалгалтын явцад эзэмшигч нь тодорхойгүй:
  • 97-82 УНД,
  • 73-85 УНО,
  • 07-21 УБӨ,
  • 24-47 УНЗ ,
  • 50-93 УНЛ
  • 25-28 УНЛ,
  • 98-09 УНТ улсын дугаарууд хурааж авчээ. Эдгээр номерууд нь хулгайд алдсан тээврийн хэрэгсэл байх магадлалтай тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй аж.

Иймд иргэд та бүхэн хуучин тээврийн хэрэгсэлийг худалдан авахдаа арлын дугаарт нь өөрчлөлт орсон эсэхийг сайтар шалгаж авто тээврийн оношилгоонд оруулж худалдан авалт хийх хэрэгтэй. Түүнчлэн тээврийн хэрэгсэлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн хэрэгсэлийг гэрэлтүүлэг, хараа хяналттай , харуул хамгаалалттай газар байршуулан хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн алба


URL: