НМХГ: Хүчтэй салхи шуурах тул барилгын компаниуд ажлаа түр зогсоохыг анхааруулж байна
Монгол орон даяар хүчтэй салхи дайран өнгөрөх талаар УЦУОШГ-аас сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 18-23 метр секундийн хурдтай хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа аж. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын компаниуд ажлаа түр зогсоохыг НМХГ-аас анхаарууллаа.
Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, барилгын талбайн эмх цэгцийг сайжруулах, үйл ажиллагаа явуулж байгаа болон нийтийн эзэмшлийн талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлийн мэдэгдлүүдийг НМХГ-аас барилгын компаниудад хүргүүлжээ. Ингэхдээ хүчтэй салхитай үед барилгын гаднах ажлууд, ялангуяа өндрийн ажлыг зогсоох, барилгын материалын үлдэгдлийг цэвэрлэх, өргөх крануудын ажиллагааг зогсоох, мөн дотооддоо салхины эрсдлийн үнэлгээг гаргаж, талбайн тодорхой бүсийг тогтоож ажиллахыг анхааруулж байгаа аж.
Харин бусад ААН байгууллагууд болон иргэд болзошгүй эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын албаны ахлах байцаагч н.Хонгорзул “ААН бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд заасанчлан үүргээ гүйцэтгэдэг. Ажил гүйцэтгэгч хүмүүс маань хуулиа мөрдөж ажиллах үүрэгтэй. Иймд барилгын гэлтгүй бусад ААН байгууллагууд ийм эрсдэлтэй үед ажиллах орчин буюу үйлдвэрлэлийн орчин дахь аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй” гэв.
Гамшигт үзэгдлийн үед гуравдагч этгээдэд учирсан хохирол нь ААН байгууллагаас шалтгаалсан тохиолдолд НМХГ газарт хандах, цаашилбал эрүүгийн холбогдох хууль дүрмийн дагуу шийдвэрлүүлэх боломжтой аж.
URL: