Д.Цогтбаатар сайдын үед Европын холбооны “Хар жагсаалт”-д хоёр дахиа орлоо

4337305139844507015_900_x_423Олгой хагаравч тогоондоо гэдэг үг улиг болж, Монголын улстөрчдийн мөнгө угаах, татвараас зайлсхийх үйлдэл, хуулийн орчныг сайжруулахаас татгалзах эс үйлдэхүй нь олон улсын хоригт орж, орших газаргүй болгож байна. Одоогоос хоёр жилийн өмнө Европын холбооны хар жагсаалтад Монгол Улс орж, Д.Цогтбаатар сайд тив даяар гуйж гувшсан ил захидал илгээн, амлалт үүрэг авч байж арай гэж “саарал жагсаалт”-д бичүүлж байв. Тодруулбал, Европын холбоо “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалтад” 2017 оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсыг оруулсан. Ингээд Европын коммисын дарга болон дэд ерөнхийлөгч, мөн гишүүн 27 орны Гадаад хэргийн сайд нарт Монгол Улсыг хар жагсаалтаас гаргаж, саарал жагсаалт руу оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж, өдөр шөнөгүй санаа чилээн ажиллав. Эрхэм сайд ил захидалдаа “Татварын хууль, эрх зүйн орчноо олон улсын жишигт хүргэх, сайн засаглалыг бэхжүүлэх, нээлттэй, ил тод байдлыг дэмжих чиглэлд тууштай ажиллаж байгаа”-гаа уламжилж, Засгийн газрын бүх шатанд энэхүү ажиллагааг идэвхтэй өрнүүлэхээ амлаж байв. Ингээд 2018 оны нэгдүгээр сарын 23-нд Европын холбооны Сангийн сайд нарын уулзалт (ECOFIN)-аар Монгол Улсыг “саарал жагсаалт” буюу татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх амлалт авсан орнуудын тоонд бүртгэсэн юм. Гэтэл одоо ЕХ-ноос мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэггүй улсуудын хар жагсаалтад орууллаа. Гол учиг нь оффшор дахь их мөнгөний асуудалтай холбоотой юм. Хоёр жилийн өмнө амлаж байсан сайн засаглал, ил тод байдал, эрх зүйн шинэчлэлийг одоо дахин дурдъя гэвч өөрчилж сайжруулсан зүйл огт алга. Дэлхийн эдийн засгийн томоохон төв, хамгийн том хандивлагч Европын холбоо энэ удаад Д.Цогтбаатарын ямар ч захидалд одоо итгэхгүй. Гадаад харилцааны сайд ч дахин хандах нэр нүүргүй болсон биз. Хар жагсаалтад орсон улс орнуудад ЕХ-ноос сохор зоос ч хялайлгахгүй. Ялангуяа, цар тахал үргэлжлэх хугацаа тодорхойгүй энэ үед хөгжиж буй улс орнуудад тусламжийн гараа сунгадаг олон улсын байгууллагууд биднийг оффшор дахь мөнгөөрөө эдийн засгаа тэтгэх биз гээд орхих нь лавтай.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ


URL: