Монгол Улс “Хар жагсаалт”-д орох болзлоо З.Энхболдыг УИХ-ын дарга байхад хангаж байв
Монгол Улс “Хар жагсаалт”-д орох болзлоо З.Энхболдыг УИХ-ын дарга байхад хангаж байжээ.
Өөрөөр хэлбэл, манай улс ямар шалтгааны улмаас ФАТФ-ын саарал, Европын холбооны “Хар жагсаалт”-д орсныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн нь одоогийн АН-ын даргын зөвлөх З.Энхболд. Харамсалтай нь тэрбээр өнөөдөр энэ сэдвийг хамгийн их улс төржүүлж буй.
Европын холбоо “Саарал жагсаалт”-д тулгуурлан “Хар жагсаалт”-аа шинэчилдэг бөгөөд ФАТФ-ын мэдээлэлд үндэслэн жагсаалтаа шинэчилсэн болохоос Монгол Улсын эдийн засагт үнэлгээ хийж, “хар” болгосон хэрэг огт биш гэдгийг Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тайлбарлав.
Энэ тайлбараас үзвэл бид өнөөдөр “Хар жагсаалт”-д орсноо бус өчигдөр “Саарал жагсаалт”-д орсон шалтгааныг ярих учиртай ажээ. 2012-2016 онд засгийн эрх барьсан АН Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд зогсохгүй “Саарал жагсаалт”-д орох нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
Тодруулбал, манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан гол үндэслэл нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай шууд холбоотой.
Далд эдийн засгийг ил болгож, татварын бааз суурийг нэмэгдүүлэх гэх гоё, сайхан тайлбартайгаар оруулж ирсэн энэ хуулийн цаана хуудуутай зүйл олон байжээ. Тэр дундаа Монгол Улсад оруулж ирж буй аливаа хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг тайлагнадаггүй байх боломжийг хуулиар олгосон нь “Саарал жагсаалт”-д багтах хамгийн том үндэслэл болсон байдаг.
Тодруулбал, энэ хуулийн 6.2-т “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнаас өгсөн аливаа зөвлөгөө, туслалцаа болон хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг бусдад задруулахыг хориглоно” гэх заалт оруулсан нь хууль бусаар оруулж ирсэн, эдийн засагт эргэлдэж буй хөрөнгийн эх үүсвэр нь хуулийн дагуу болон хууль бусаар орж ирсэн байж болно хэмээн хүлээн зөвшөөрснийх гэж олон улсын байгууллагууд хардахад хүрсэн гэдэг.
Ийнхүү эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг эдийн засагт эргэлдүүлж болно гэх утга бүхий бүхэл бүтэн хуулийг УИХ-аар баталсан нь Монгол Улсад янз бүрийн байдлаар орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг шалгахгүйгээр хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй ойлголт төдийгүй гэнэт, үндэслэлгүйгээр баяжсан буюу хөрөнгөжсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөнд нь хаяснаас ялгаагүй.
Хамгийн ноцтой нь аливаа иргэн, хуулийн этгээдийн татвараас зайлсхийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй төлөөгүй татварыг нь хүчингүй болгочихсон нь Монгол Улсыг “Саарал жагсаалт” руу түлхсэн байдаг.
Нэг талдаа бизнес эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийг татвараас зайлсхийж, хөрөнгө орлогоо тайлагнахгүй байж болно гээд хуулиар өршөөл үзүүлчихсэн нь олон улсын хараанд өртөхөд хүргэсэн байдаг.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, хууль бус олон үйлдлийг өршөөн хэлтрүүлсэн нь “Монгол Улсын Засгийн газар хууль бус мөнгө, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг хүлээн зөвшөөрчихдөг” гэсэн буруу ойлголтыг олон улсад төрүүлсэн учраас санхүүгийн хоригт оруулсан гэдгийг учир мэдэх хүмүүс нотолдог. Түүнчлэн монгол улс сааралтах болсон бас нэг шалтгаан нь мөн л АН-ынхны сонгуулийн өмнөх их улс төржилттэй холбоотой.
Тодруулбал, тус намынхан үгсэн хуйвалдаж, 2016 оны сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монгол Улсын мэдэлд шилжүүлэн авсан явдал. Гэтэл улсын эдийн засгийн үнэмлэхүй хувийг нуруундаа үүрч явдаг энэ том үйлдвэрийн 49 хувийн худалдан авалт хэрхэн явсан, хөрөнгө сөнхүүг хаанаас, хэрхэн гаргасан талаарх мэдээлэл өнөөдөр ч бүрхэг байгаа нь “Саарал жагсаалт”-ын суурь болсон гэдэг.
Гэтэл энэ “том наймаа”-тай холбоотой хөшигний цаадах яриа өдий болтол ил болоогүй нь өнөөх нь эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбогддог. Санхүүгийн эх үүсвэрийг нь тодруулж, шалгах болоход энэ наймааг гардан гүйцэтгэсэн АН-ын эрхмүүд 6.2 дахь буюу “мэдээлэл задруулах хориглоно” гэх заалтын цаана толгой хоргодсоор өнөөдөртэй золгож байгаа юм. Үүнээс үзвэл АН-ынхныг өөрсдийн босгосон овоон дээр шаагилдаж байна гэж дүгнэхээс аргагүй.
URL: