Элчин сайд Т.Бадралыг Тайландаас гэр бүлийнхнийгээ нууцаар авчирсан гэв

132

Тайландын Вант улсад гацсан монголчууд Монгол Улсын Онцгой комисст ханджээ. Ингэхдээ саяхан УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, дэмжсэн. Тодруулбал БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд Түвшингийн Бадралыг томилсон. Тэгвэл шинэхэн элчин сайд Т.Бадрал Тайландаас гэр бүлийнхнийгээ ямар шугамаар яаж, татан авсан нь эргэлзээ төрүүлж байгаа талаар тус улсад гацсан 180 гаруй иргэдийн төлөөлөл Монгол Улсын Онцгой комисст хүсэлтдээ дурджээ. Тус хүсэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын Онцгой комисст хүсэлт илгээх нь:

Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 180 гаруй иргэд тусгай үүргийн нисэх онгоцоо хүлээсээр 2 сар гаруй боллоо. Энэ хугацаанд бид тэвчээртэй хүлээсэн. Бид суулт хийсэнгүй. Бас бичиг барьж зогссонгүй. Төр засгийнхаа мэргэн шийдвэрт найдан хүлээсээр өдийг хүрлээ. Одоо итгэл алдарсан. Сөүл, Токио, Стамбул, Франкфурт нислээ л гэнэ. Яагаад Бангкокийг тойроод байна. аа Адилхан л МИАТ нисэж байсан агаарын харилцаатай хот шүү дээ.

Тайландад гацсан монголчууд бид чинь урдаас нь гарсан хүүхэд юм уу, араас нь гарсан хүүхэд юм уу! Бусад бүх орноос тусгай үүргийн онгоц ирж иргэдээ авсан. Миат л Бангкокийг тойрч нисээд Монголчууд бид л үнсэнд хаягдсан шалж шиг торойгоод хоцорсон.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын ээж тэргүүтэй 20 гаруй хүн сэмээрхэн хаагуур ч юм, яагаад ч юм Монгол руугаа саяхан Тайландаас буцаж чадсан байна. Аргаа баран үлдэж хоцорсон 150 гаруй монголчууд бидэнд хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна.

Энд Бумрунград эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүс, оюутнууд, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс ч зөндөө байна. Тэр байтугай 80 гарсан хөгшин ухаан санаа нь орж гаран сэхээнд 10 гаруй хонож байна. Хүний нутагт суусаар мөнгө төгрөг ч барагдаж амьдрахад өдөр бүр улам хэцүү болж байна.

Зогсвол зоос, хөдлөвөл хөлс болсон газар хэчнээн ч хэмнээд, яаж ч ядруу амьдраад байхад туйлдаж гүйцэж байгаа монголчуудаа аваач ээ.

Зүүн өмнөд азид гацсан, хаягдсан иргэдээ тайландаар дамжуулан татаж аваач ээ. Энд идэх хоолгүй, орох оронгүй болсон олон залуучууд байна. Тайландад бусад орон шиг арбайт хийж мөнгө олох ямар ч боломжгүй.

Тусгай үүргийн нислэгээ яаралтай явуулж болох уу. Тайландад сүүлийн 14 хоногт шинээр илэрсэн тохиолдол нэг оронтой тоонд орж, Сүүлийн 7 хоногт гэхэд өдөрт зөвхөн нэг л хүн халдвар авч байна. Бангкок хот хориогоо тавьж гадуур ихэнх хүмүүс маскгүй явж байна. Шөнийн бар цэнгээнээс бусад бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа аль хэдийн эхэлсэн. Энд байгаа монголчууд 2 сар гаруй хөл хорионд орж, өвдсөн хүн байхгүй, бүгд эрүүл саруул байна. Энд байгаа хүмүүсийг COVID-19 тест өгүүлэх ч шаардлага байхгүй. Ядарсан иргэдэд чинь 250 доллароор тест хийлгэх хэцүү байна.

Өдөр ирэх тутам харийн нутагт хавчигдан гадуурхагдсан монгол хүмүүсээ аваач ээ. 2200 жилийн түүхт төр улстай гэдгээ харуулаач ээ. Нэгэн цагт Хубилай хааны үед Тайланд улс Монгол хаантай байсан түүх үнэн л юм бол энд байгаа иргэдээ ингэтэл нь битгий доош нь оруулаач ээ.

МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ

СҮЛД БИДНИЙГ ӨРШӨӨХТҮН.

ТАЙЛАНДАД ГАЦСАН, ХАЯГДСАН, ГАДУУРХАГДСАН 150 ГАРУЙ МОНГОЛЧУУД ЧИНЬ


URL: