Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн 280 сая ам.долларын асуудалд ч холбогджээ

130

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Түүний хувьд анх удаа мэдүүлэг өгч байгаа хэрэг биш. Зангиагаа засч, гутлаа тослон толины өмнө эргэлдээд очиж мэдүүлэг өгснөөс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн.  Хуулийнхан дуудаад ирэхээ байсан, хил гараад сураг алдарсан гээд олон улс даяар эрэл сурал болсон. Гэтэл мань хүн твиттерт “Би хуулийн байгууллагынханд хэлсэн юм сан, удахгүй очино” гэсээр саяхан цар тахлын үеийн тусгай нислэгээр эх орондоо ирж, хорионд байсаар саяхан сулрав. Ингэснээр АТГ-аас байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. Түүнийг ямар хэрэгт шалгаж байгаа талаар өчигдөр УИХ дахь “шударга” гэгдэх таван гишүүн мэдээлэл хийх үедээ дурдсан. Тодруулбал, “Оюутолгой”-н гэрээг байгуулахад Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын нөлөө орсон эсэх,  мөн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилд Эрдэнэтийн зэсийн олборлолт ид оргил үедээ байсныг Засгийн газраас онцгой дэглэмийн үед тогтоосон байна. Тухайн үед “Эрдэнэт-ийн  дарга нар нэгдүгээр гарын үсгээ зурж чадахгүй болтлоо эрсдэл гарсан талаар ч дурдлаа. Тодруулбал, Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий этгээдүүд  “Эрдэнэт”-ийн зэс тээвэрлэлтэй холбоотой 270-280 сая ам.долларын хэрэгт холбогджээ.

Жилийн өмнө улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдэх авлига, албан тушаалын 23 хэргийг хуульд заасан хугацаанд яаралтай шийдвэрлэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нарын таван гишүүн жилийн өмнө ерөнхий прокурор Жаргалсайханд албан бичгээр өгсөн. Тэгвэл өчигдөр дээрх хэргийн шийдвэрлэлт, шалгалтын явцын талаар гишүүд Улсын Ерөнхий  прокурорын газраас дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.

Тэдний хэлснээр ямартай ч дээрх авилга, албан тушаалын 23 хэрэг 40 болж задарсан байна.  Өөрөөр хэлбэл, нэг хэрэг 5-6 хэрэг болж задран шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Прокурорын байгууллагаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэн, зарим хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Төрийн банкнаас 20 тэрбумыг авсан гэх “Шинжан шинпан” компани буцааж  төлсөн байна. Тавантолгойн орд газраас 358 тонн нүүрс алдагдсан гэх хэргийг шалгаад шинжээчийн дүгнэлтээ хүлээж байгаа. Нийт шалгалтын явцад 48 тэрбум төгрөгийн улсын орлого болгон буцааж төлсөн байна.

Л.Оюун-Эрдэнэ “ЗГХЭГ-ын даргаар ажиллах нэг жилийн хугацаанд банк, уул уурхай, нам дагасан МАНАН бүлэглэл байдгийг үнэхээр мэдэрлээ. Анх энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой вэ гэж эрэлхийлдэг байсан бол одоо хэн хамааралгүй вэ гэхдээ тулж байна. Сонгууль дөхөж байна. Одоо Монгол хүний итгэмтгий зан дээр тоглолт хийж, яллагдагчаар татагдсан маш олон хүн УИХ-д нэр дэвших гэж байна. Энэ нөхдүүд энэ долоо  хоногийн сүүлээр нэр дэвшигчийн мандатаа авчихвал нэр дэвших эрхтэй болчихно. 60 тэрбумын гэх хэргийг шийдвэрлээгүй байхад 100 сая төгрөгийг нэр дэвшигчдээс авсан хэрэг гарлаа” гэсэн юм.

 


URL: