ДЭМБ: БНСУ, БНХАУ-д халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэнд санаа зовниж байна
ЖЕНЕВ. /NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус БНСУ, БНХАУ-д коронавирусний халдварын шинэ давлагаа эхэлж болзошгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
БНСУ-ын Сөүл хотын шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн хүмүүсээс халдвар илэрсэн талаар тус улсын эрх баригчид энэ сарын 2-нд мэдээлсэн юм. Мөн БНХАУ-ын Ухань хотод бямба гарагт халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн сар орчмын хугацаанд илэрсэн анхны тохиолдол болсон байна.
Т.Гебрейесус даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр, халдварын шинэ тохиолдлын тоо буурч байсан орнуудад халдвар дахин тархаж эхэлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр ийлдэсийн эхний судалгаануудаас үзэхэд халдвар авсан хүмүүсийн харьцангуй цөөн хувьд эсрэг биет үүссэн байсныг дурдаад, хүн амын олонх нь халдвар авч болзошгүй хэвээр байна гэж хэлжээ.
ДЭМБ-ын тэргүүн халдвар авсан хүмүүсийг илрүүлэн тусгаарлаж, зайнаас харилцах дүрмийг мөрдөх багц арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Мөн ДЭМБ-ын хуулийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Стивен Соломон ирэх долоо хоногт болох ДЭМБ-ын жил тутмын ассамблейд Тайвань ажиглагчийн хувиар оролцож магадгүй гэж мэдээлжээ. Түүний хэлснээр, ДЭМБ-ын тэргүүн уулзалтыг ажиглах урилгыг Тайваньд илгээх боломжгүй хэдий ч ассамблейд хэн оролцохыг гишүүн орнууд шийдэх боломжтой ажээ
URL: