С.Амарсайхан: Нийслэл үнэт цаас гаргаж, иргэдээ орон сууцанд оруулна

95

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Дэлхийн зарим хотууд хорио цээрийн дэглэмээ сулруулж, зарим нь чангатгаж байна. БНСУ-ын Засгийн газар шөнийн цэнгээний газруудынхаа хөл хориог цуцалсан ч халдвар тархсан учраас буцаагаад тодорхойгүй хугацаагаар хаасан.  Та бүхэн мэдэж байгаа, шөнийн цэнгээний газар, караокег нээсэн. Дотооддоо манайх халдвар алдаагүй учраас нээе гэсэн шийдвэрийг гаргасан юм. Гэвч байгууллагууд ариутгал халдваргүйтлийн журмыг мөрдөөгүй, бэлэн биш байсан. Тиймээс буцаагаад хаасан. Бид Сөүл хотод болсон энэ алдааг давтахгүйг хичээж ажиллах ёстой.

Нийслэлд шинээр анх удаа үнэт цаас гаргах гэж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээлд бэлэн байгаа орон сууцыг НОСК худалдаж авч, иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өгөх гэж байна. Бүх шатны шийдвэрүүдийг гаргасан. Нийслэлийн ипотекийн корпорацийг байгуулахаар ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Оносон, алдсан зүйл их бий. Харин бид өнгөрсөн жилийн есдүгээр сараас иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд оруулж эхэлсэн. 3000 гаруй иргэн ороод байгаа.  Эрэлт хэрэгцээ маш их байгаа. Иргэд барьцаа төлбөр төлөхгүй, санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцанд орох хүсэл их байна. Тиймээс Нийслэлийн ипотекийн корпорацийг байгуулж, түрээслээд өмчлөх хэлбэрээр айлуудыг орон сууцанд оруулна.

Улаанбаатар хотын хэмжээнд баригдаад эхэлчихсэн 17788 орон сууц байна. Бүр айл ороход бэлэн 4078 орон сууц байгаа.  Эдгээр орон сууцыг борлуулах, иргэдээ орон сууцанд оруулах чиглэлээр хаана хаанаа ашигтай хувилбарыг боловсруулж байна. Дотоодын барилга, үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зах зээл сэргэх чухал ач холбогдолтой. Тав, зургадугаар сард холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, ажлаа эхлүүлнэ. Энэ мэтээр нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцанд оруулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Энэ бол нийслэлийн том, түүхэн алхам.  Нийслэл өөрийн хөрөнгөөр үнэт цаас гаргах ажил хязгаарлагдмал байсан бол ийнхүү шийдэгдэж байна.

Иргэдийн хамгийн их тавьдаг хүсэлт бол автозамаас зайтай, тасралтгүй үргэлжлэх дугуйн зам хэрэгтэй байна гэх санал.  Тиймээс Таваншараас Саппоро, 10 дугаар хороолол, Саппорогоос Баянбүрд, Гэсэр сүмээс Анкарагийн гудамж, МУБИС-иас Зүүн дөрвөн зам, Офицеруудын ордон, Улиастайн гүүр Налайх зэрэг маршрутаар дугуйн зам тавина. Мөн Яармагийн гүүрнээс Налайхын зам хүртэл урдуураа дугуйн зам тавих төсөл хэрэгжиж эхэлсэн. Жишээ нь Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам бүрэн гэрэлтүүлэгтэй, дундаа амралтын зогсоолтой дугуйн замыг хийж байна. Зургадугаар сар 10 гэхэд энэ 7.2 км зам ашиглалтад орно. Бусад ажлыг 8, 9 дүгээр сард хүлээлгэж өгнө.

Бусад зам засвар, онгорхой цоорхойг нөхөх ажил үргэлжилж байна. Налайхын замын зарим нэг тоноглол, үлдсэн ажлыг хийх ёстой ч халдварт өвчний улмаас хойшилсон. Нийслэлд бас нэг шинэ бүтээн байгуулалт эхлүүлж байгаа нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэн. Модны суулгац, үрсэлгээ судалгааны төвийг байгуулсан. 40 мянган суулгац суулгасан. Цаашлаад оюутнууд сургууль төгсөхдөө хонхны баяраа ажил хэрэгчээр тэмдэглэдэг байлгахын тулд 9 дүүргийн нутагт мод тарих талбайг гаргаж өгч байгаа.  Иргэд сайн дураараа мод тарих, зүлэгжүүлэх, нуур байгуулах хүсэлт гаргадаг.  Энэ хүрээнд 1884 га газрыг иргэдэд өгч байна. Иргэд мод тарих, нуур, хөвдийг байгуулах ажлыг энэ газарт хийх бүрэн боломжтой.  Бид санал авч байгаа, та бүхэн саналаа ирүүлээрэй” хэмээлээ.


URL: