Сөүл хотын Итэвон хорооны үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн иргэд коронавирусээр халдварласан байх өндөр магадлалтайг анхаарууллаа

11481

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагийн байдлаар Сөүл хотын Ёнсан дүүргийн Итэвон хороонд коронавирусын голомтлон халдварлалт тархсаны улмаас Сөүл хот 51, Гёнги муж 20, Инчөн хот 7, Умард Чүнчөн муж 5, Бусан хот 1, Жэжү хот 1, нийт 85 иргэнд халдварын тохиолдол илэрсэн болохыг мэдэгдэв. Халдварт өвчин судлалын төвөөс 4 дүгээр сарын сүүлээс 5 дугаар сарын 06-ны хооронд Сөүл хотын Итэвон хорооны үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн иргэд коронавирусаар халдварласан байх өндөр магадлалтай болохыг анхааруулаад байна.

Иймээс дээр дурдсан хугацаанд Итэвон хорооны үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлсэн манай иргэд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/ тусгай дугаарт холбогдон зөвлөгөө авч, өөрт ойр эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх, өөрийгөө гэртээ тусгаарлах зэрэг арга хэмжээг авна уу.

БНСУ-ын Засгийн газраас тус улсад хууль бусаар оршин суудаг гадаадын иргэд коронавирусын шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэсэн мэдээллийг хууль сахиулах байгууллагад дамжуулах, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болохоо мэдэгдсэн. БНСУ-д коронавирусын халдварын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд харьцангуй намжсан ч голомтлон халдварлах, халдварын хоёрдах дэгдэлт гарах эрсдэл өндөр байна. Иймд манай иргэд Солонгосын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн мөрдөж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүс халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!

Үүнд:

1.Нийт иргэд амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг чанд сахих нь зүйтэй.

2.Нийт иргэд өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гадуур аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, аялалыг хойшлуулах ба цуцлах, зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн 2 метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөхийг зөвлөж байна.

3.Консулын хэлтэст зайлшгүй биеэр ирж үйлчлүүлэхээс бусад төрлийн итгэмжлэл, нотариат, төрсний бүртгэл хийлгэх, гэрлэлт бүртгэл, гадаад паспорт захиалга, лавлагаа авах зэрэг үйлчилгээг дотоодын шуудан болон цахимаар үргэлжлүүлэн хүлээн авна. Зайлшгүй ирж үйлчлүүлэх шаардлагатай иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү.

4.ЭСЯ-ны шуурхай утас 010-8502-3464, 010-2743-3464 дугаарт залгаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ
КОНСУЛЫН ХЭЛТЭС

 


URL: