С.Баяр: Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилолох хэрэгтэй

11477

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын найман хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.

С.Баяр АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцохоор Ерөнхий сайд асан С.Баяр сэтгүүлчдэд дараах тайлбарыг өгсөн юм.  Тэрбээр “Намайг улсаа хохироосон гэнэ. Гэтэл хохирогч нь алга. Хохирогч байгаа юм бол хохирогчоо томилох хэрэгтэй. Энд одоо нийтдээ 8 хүн байна. Уг найман хүнээ өмгөөлж, өмгөөлөгч нар нь хүсэлтүүд тавьж байна. Биднийг хууль бус мөнгө тогтмол олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ буруутган, намайг 60 хоног саатуулсан. Гэтэл шүүхэд шилжүүлэхээсээ өмнө зүйл ангиа хүчингүй болгосон. Тэгсэн хэрнээ бидний 7-н хүн хамт сууж байна. Олон түмэнд эдгээр хүмүүс нийлж буюу Засгийн газраараа нийлсэн гэсэн ойлголтыг төрүүлсэн. Гэрээ байгуулахад Засгийн газар тэр чигээрээ оролцдог. 2015 онд Дубайн төлөвлөгөө гэдгийг баталсан гэдгийг би дуулсан. Миний оролцоо байхгүй. Учир нь тэр үед би сул иргэн байсан. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан юм шигээр байлгаад байна гэдэг буруу юм л даа. Энд байгаа хүмүүсийн заримыг нь би танихгүй. Бидний хооронд хамтраад, эсвэл тусдаа гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй. Зүйлчлэлээ зөв гаргаач гэсэн үндэслэлийг бүгд хэлж байна” гэлээ.


URL:

Tags: