Коронавирусний хоёр дахь дэгдэлт улиран сонгогдоход нь саад учруулна гэж эмээж байна
ВАШИНГТОН. /The Washington Post/. Ирэх намар коронавирусний хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй байгаа нь нэр хүндэд нь нөлөөлж, 11 дүгээр сард болох сонгуульд улиран сонгогдоход нь саад учруулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болгоомжилж байна.
Нэр хүнд нь унаж байгаад Д.Трамп сэтгэл түгших болсон хэмээн ерөнхийлөгчийн зарим зөвлөх мэдэгджээ.
“Тэрбээр улиран сонгогдох итгэлээ бага багаар алдаж, Жозеф Байденд нэр хүндээрээ ялагдаж буй. Энэ бүх гэнэтийн өөрчлөлтийг ойлгож хүлээж авахыг тэрбээр маш их хичээж байгаа. АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден Бүгд Найрамдахчуудын сонгуулийн кампанит ажлын үеэр явуулсан санал асуулгаар Д.Трампын үзүүлэлтийг давж байна” хэмээн Д.Трампын зөвлөхүүд ярьсан байна.
“АНУ-ын Төрийн тэргүүн одоогоор коронавирусний цар тахлын дараах улс орны эдийн засгийг сэргээх төлөвлөгөөн дээр төвлөрөн ажиллаж байгаа. Энэ ажилд амжилт гаргах нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө ялах боломжийг олгох юм. Түүнчлэн АНУ-ын Төрийн тэргүүн зунаас эхлэн дэмжигчдийнхээ өмнө дахин гарч, үг хэлэх бодолтой байна. Иймэрхүү төрлийн цуглааныг эмч нарын зөвлөмжийг дагаж, хэрхэн аюулгүй зохион байгуулах асуудлыг Цагаан ордонд хэлэлцэж байна” хэмээн “The Washington Post” цохон тэмдэглэжээ.
Вермонт муж улсын сенатч Б.Сандерс 4 дүгээр сарын 8-нд сонгуулийн сунгаанаас нэрээ татсанаар Ж.Байден Ардчилсан намын сунгаанд үлдсэн цор ганц нэр дэвшигч болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: