Б.Батчимэг: Манай улсад косплэй урлаг талаасаа хөгжих боломж нь арай бүрдээгүй байна
Хүн болгон багадаа үзэх дуртай хүүхэлдэйн киноныхоо дүрд хувирахыг хүсдэг байсан нь лавтай. Тэгвэл энэ удаад бид өөрийн хүссэн дүрдээ косплэйгээр дамжуулан хувирч чаддаг Б.Батчимэгтэй ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Баатарын Батчимэг гэдэг. Одоо 19 настай. МУИС-д Эдийн засгийн онол мэргэжлээр суралцдаг.
-Сүүлийн үед залуус косплэйг ихээр хийх болжээ. Косплэйг өөрийнхөөрөө тайлбарлавал?
-Сүүлийн үед Монголд косплэй хийдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Манай улсад залуу хүмүүс илүү олон байдаг болохоор энэ урлаг руу хүч түрэн орж байгаа байх. Хүн болгон багадаа супер баатар аль эсвэл маш үзэсгэлэнтэй гүнж болохыг хүсдэг шүү дээ. Минийхээр бол яг хүссэн, хайртай дүрдээ хувираад, тэр дүр шигээ өөрийгөө мэдрэх мөрөөдлийг нь бодитойгоор биелүүлж чадах ганц зүйл косплэй гэж боддог.
-Анх хэзээнээс косплэй хийж эхэлсэн бэ?
-Би анх 2015 онд косплэйтэй холбоотой том арга хэмжээнүүд болдог гэдгийг олж мэдсэн. Өөрийн биеэр очин үзэж, монгол хүмүүс яаж косплэй хийдгийг хараад тэр намар нь өөрийгөө бэлдэж байгаад хамгийн анхны косплэйгээ хийж байлаа.
-Өнөөгийн залуус маш олон шинэлэг зүйлсийг туршиж үзэж түүнээсээ суралцаж байгаа. Чиний хувьд яагаад заавал косплэйг сонгох болсон бэ?
-Би тухайн үед аниме үзэх дуртай хүүхэд байсан. Үзэх дуртай анимийнхаа дүрүүдээс маш их үлгэр дууриалал авсан болохоор дүрд хувирч эхэлсэн. Косплэй өөрийгөө илэрхийлж болох мөн өөрийгөө өөр дүрээр харах боломжийг олгодог учраас сонгосон гэж хэлж болно.
-Ихэнх хүмүүс косплэйг зөвхөн аниме үзээд тухайн киноныхоо дүрд хувирдаг гэж ойлгодог. Зөвхөн анимийн дүрээр косплэйг хийдэг гэж үү?
-Японоос гаралтай гэдэг утгаараа аниме дүр нь илүү хөгжсөн байдаг. Тэглээ гээд зөвхөн аниме дүрээр хязгаарлагддаггүй. Тийм болохоор хүссэн ямар ч дүрдээ хувирч болно.
-Косплэйг хийхийн тулд хувцас, гоёл чимэглэл гээд маш олон зүйл ордог юм шиг санагдсан. Чиний хувьд косплэйн хувцас, хэрэглэлээ яаж бэлддэг вэ?
-Хувцас, зэвсэг гээд олон зүйл бий. Миний хувьд аль болох 100 хувь бүгдийг нь өөрөө хийхийг хичээдэг. Гэхдээ би төгс биш болохоор зарим зүйлийг алдаа дутагдалтай хийх тохиолдол гардаг. Бүр чадахгүй үедээ ижилхэн косплэй хийдэг аль эсвэл зөвхөн хувцас, зэвсэг хийдэг найзуудаасаа зөвлөгөө тусламж авдаг байгаа.
-Хүмүүс анх косплэй хийж сурвал хамгийн түрүүнд дуртай дүрээ бүтээх байх. Чиний хувьд анх ямар дүрд хувирч байв?
-Би хамгийн анх 2015 онд “Токиогийн өвөл” анимийн дүрийг бүтээж байсан. Тэр үед дүрээ сайн илэрхийлж чадахгүй байх гэж эмээж байсан ч тухайн арга хэмжээний турш хүмүүс намайг их дэмжсэн. Хүмүүсийн дэмжихийг сонсох надад үнэхээр сайхан байдаг.
-Одоогоор хэдэн төрлийн дүрд хувирсан бэ? Хамгийн хэцүү, цаг их орсон косплэй аль нь вэ?
-Косплэй хийж эхэлснээс хойш зургаан жил өнгөрсөн байна. Яг тэд гэсэн тоо бол байхгүй ч барагцаагаар 30 дотор бол байгаа. Хамгийн хэцүү цаг, их орсон косплэй бол 2018 онд Япон поп өдөрлөгт оролцсон “Final fantasy 13” тоглоомын “Lightning” дүр юм. Тухайн дүрийн хувцаслалт нь сэлэм, нөмрөг, бамбай зэрэг том хэрэгслүүдээс бүрдсэн байдаг. Өмнө нь зэвсэг хийж үзээгүй болохоор энэхүү дүр нь намайг сорьсон косплэй байсан.
-Косплэй хийж эхэлснээс хойш чамд хэр зэрэг өөрчлөлт гарсан бэ? Хувь хүн талаасаа?
-Би багаасаа урлагт ойрхон өссөн. Бусдад өөрийгөө таниулах дуртай хүүхэд байлаа. Хэдий урлагтай ойрхон өссөн ч тэр зүйлс надад 100 хувь сэтгэл ханамжийг өгч чаддаггүй байсан гэж хэлж болно. Харин одоо бол өөр косплэйгүүгээр өөрийгөө төсөөлж чадахааргүй болтол 100 хувь гайхалтай мэдрэмжийг төрүүлж өгч чаддаг болохоор энэ урлагаар дамжуулан өөрийгөө олж авсан юм.
-Хамгийн том урам зориг өгсөн тэмцээн юу байв?
-2016 оны тэмцээн байсан. Хамгийн анх 2015 онд Япон поп өдөрлөгийг очиж үзсэн. Тэгээд дараа жил нь өөрийн биеэр косплэй хийж очоод нэгдүгээр шатнаасаа хасагдаж байлаа. Тэр үед шар хөдөлж би дахиж заавал энэ тэмцээнд орно гэж өөртөө хэлж байж билээ. Хэлсэн ёсоороо 2017 онд тус тэмцээнд оролцож хоёрдугаар байр, дараа жил нь “Lightning” дүрээрээ тэргүүн байр эзэлсэн юм.
- Манай улсад косплэй хөгжих нөхцөл хэр байна гэж боддог вэ?
-Би Монголд косплэйг хөгжүүлэх талаар их боддог. Үйл ажиллагаа эхлүүлэх гэж оролдож ч байсан. Түүнийхээ үр дүнд манай улсад косплэй урлаг талаасаа хөгжих боломж нь арай бүрдээгүй байна гэдгийг ойлгож авсан. Сүүлийн жилүүдэд Монголд косплэй хийдэг залуус өсөж байгаа ч энэ хэмжээнээс олон болж байж косплэйн талаар хүмүүс илүү ихийг ойлгож, уг чанарыг нь таньж чадна. Ингэснээр косплэй хөгжих нөхцөл нь бүрдэж байгаа болохоор тэр өдрийг л хүлээж сууна даа.
-Дүрдээ хувирсныг чинь хараад хүмүүс хэр хүлээж авдаг вэ?
-Хамгийн түрүүнд миний косплэй хийж байгаа процессыг гэрийнхэн маань хардаг. Тэд надад хэзээ ч косплэй хийхээ боль, цаг үрсэн зүйл гэж хэлж байгаагүй. Дараа нь найзууд маань хардаг бас хамт өдөрлөгт явдаг. Намайг айж сандарсан үед сэтгэл санаагаар дэмжиж тусалдаг. Мөн өдөрлөгүүд дээр ирсэн хүмүүс ч намайг дэмждэг. Сөрөг сэтгэгдэл тэр болгон сонсоод байдаггүй. Хэрвээ миний чихэнд сонсогдоогүй өнгөрсөн байж болно. Аливаа зүйлд сөрөг хандлага байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Тийм зүйл тохиолдвол би хэзээ ч зүрх сэтгэлээ шархлуулахгүй. Яагаад гэвэл тухайн хүн косплэй яаж бүтдэг талаарх мэдээллийг олж аваагүй байгаа болохоороо сөрөг үйлдэл гаргадаг гэж боддог учраас.
-Косплэй хийж үзэхийг хүсдэг залууст зориулаад зөвлөгөө өгөөч?
- Косплэй хийхийг хүсдэг ч хийж чаддаггүй залуус тухайн дүрдээ 100 хувь хувирах ёстой гэж ойлгодог. Энэ нь маш буруу бодол. Яагаад гэвэл тухайн дүрд хувираад чиний мэдэрч буй мэдрэмжийн тухай асуудал болохоос биш чиний арьсны өнгө, нас, хүйс ямар байх нь огт хамаагүй. Хамгийн гол нь чи зугаатай, хөгжилтэй цагийг өнгөрүүлж, өөрийнхөөрөө байх үе чинь юм. Хэрвээ чи үүнийг хийхэд цаг нь арай болоогүй байна гэж бодож байвал боломжтой цаг иртэл хүлээ. Сэтгэл санаагаа бэлд. Чиний хүсэн хүлээсэн цаг мөч ирэх тэр үед хамгийн тод гялалзах од нь байгаарай гэж хэлмээр байна.
Б.Сувдаа
URL: