Бүх фракцаа хөөн тараасан “Шонхор” мөд дүүлэхээ болино

pjimage (5)_20200505143116Ц.Нямдорж нэгэнтээ “АН-ын фракцууд намдаа байхаар намынхаа зовлон, төрд нам нь гарахаар төрийн зовлон болдог” хэмээж байж билээ. Тэгвэл төрдөө ч, намдаа ч зовлон болохгүй гэсэн шиг  фракцуудаа тарааж хаясан АН ээлжит сонгуулийн босгон дээр тулж ирээд байна. Өнөөдрийн байдлаар АН-д тус намын дарга С.Эрдэнийн “Шонхор” фракц ноёлж, Лу.Гантөмөрийн толгойлдог “МоАН” фракц чимээгүйхэн бөөрөнд нь “хэвтэж” байна. Нэгэн цагт ёстой л төрийн зовлон болтлоо төрд эрх ашгаа шургуулах гэж үзэлцэж байсан АН-ын фракцуудын түүхэн товчоог товч өгүүлээд, бүх фракцаа хөөн тараасан “Шонхор” мөд дүүлэхээ болих учир шалтгааны тухай төгсгөлд нь товч өгүүлсү.

ДӨРВӨН ЗАСГААРАА ТУГ ТАХИСАН ФРАКЦУУД

Үнэхээр ч АН-ын фракц гээч нь тэднийг төр засгийн эрхэнд гармагц  хүчээ авч, түүнээсээ болоод хоорондоо зодолдож, засгаа татаж унагасаар таардаг гашуун түүх аль 90-ээд оноос л давтагдаж иржээ. 1996-2000 оноос АН-ын фракцууд ил тод хоорондоо үзэлцсээр ирсэн. Тухайн үед МоАХ буюу Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийн, С.Зоригийн, МСДН-ын, Элсний буюу Хөдөөгийн 13, М.Энхсайханы фракц гэж байлаа.  М.Энхсайханы Засгийн газрыг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Р.Гончигдорж, Б.Баабар нарын тэргүүлсэн соцдекүүд тэр байтугай  тухайн үеийн МАХН-ынхантай хуйвалдаад унагаж байсан. Ц.Элбэгдорж хэдий Ерөнхий сайд болсон ч Засгийн газар нь гуравхан сарын настай байж билээ. Түүнийг Элсний-13 буюу До.Ганболдынхон  унагачихсан. Фракцуудын энэхүү их дайн дундуур С.Зориг агсан алагдаж, казиногийн хэргээр гурван  гишүүнээ УИХ-ын чуулганы танхимаас шууд Ганц худаг руу ачуулж байлаа. Дараа нь Ж.Наранцацралт агсны Засгийн газрыг “захидлын” хэмээх хэргээр Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нарынхан МАХН-тай хамтраад л унагачихаж билээ. Гэхдээ Ж.Наранцацралт, Хууль зүйн сайд асан Л.Цог хоёр л тэр үед суудлаасаа буусан бөгөөд  Засгийн газрынх нь  бусад гишүүдийн суудлын өмнүүр УИХ-ын гишүүн асан О.Дашбалбар агсан алхаж явахдаа “Эд нар бол урвагчид” хэмээж билээ. УИХ-ын гишүүн байхдаа ганц, хоёр сая ам.доллар хийчихээд буувал гоё тээ хэмээн “Элсний” фракцынхан  улаан цагаан  ярьж явсан тухай Б.Баабар хожим бичиж байлаа. Ингэж л улаандаа гарч байлаа, АН-ын фракцууд.

Ж.НАРАНЦАРАЛТ АГСАН АРДЧИЛЛЫН НҮҮРИЙГ ТАХАЛЖ, ФРАКЦУУД ЖИНХЭНЭ УТГААРАА ТӨРИЙН ЗОВЛОН БОЛСОН ТҮҮХ

Фракцийн эрх ашиг бүхний түрүүнд тавигдах болсон учир 1996-2000 онд  Ардчилсан холбоо эвсэл тарж бутарч, улмаар ардчиллынхан  2000 оны сонгуулиар ёстой л үсгүй болтол “хусуулсан”.  АН-ын одоогийн дарга С.Эрдэнэ нар тэр үед мөн МоАН гэгч фракцыг байгуулж байв.  2000 оны сонгуулиар ад үзээд өшиглөж унагасан Ж.Наранцацралт нь л ганц суудал авч ардчиллын нүүрийг тахалж байв. Энэхүү ялагдлаасаа сургамж авсан нөхдүүд нийлж, нэг л их ухаарсан хүмүүс одоогийн АН-ыг 2000 оны 12 дугаар сарын 6-нд байгуулж байлаа. Гэвч намаа байгуулсныхаа маргааш л хагарч бутраад,  Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нарын  “Алтангадас”, Баабар, О.Амаржаргал, Л.Болд  нарын Зүүн Хойд Ази хэмээх  фракцууд нэмж байгуулагдаж байв. Дараа нь 2004 онд  “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын МАШСН-тай эвсэн “Эх-Орон, Ардчилал” эвслийг байгуулж, 2004 оны сонгуульд амжилттай оролцсон билээ. Гэвч энэ үед АН-ын төрд эрх ашгаа шургуулах гэсэн фракцуудын ээлжит зодоон дахин эхэлж, улмаар эвслээ ч  тараав.  Эвсэл ч үгүй, бүлэг ч үгүй болсон АН-ынхан МАХН-ын УИХ дахь бүлэгт орж хүний хашаанд хашигдсан төлөгнүүд болон хувирч билээ. Р.Гончигдорж бүхэл бүтэн АН-ын дарга хэрнээ УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга болж байсан инээдтэй, эмгэнэлтэй түүх бий. Үнэхээр фракц гэдэг төрийн зовлон гэдгийг тэд харуулж байлаа. Тэр үед “Алтангадас” фракцыг  “алтан гэдэс” эцэстээ “алтан гудас” боллоо хэмээцгээж байсан нь үнэн байдалд зохицож байв. Яг энэ үеэс улстөр-бизнесийн бүлэглэлийн МАНАН татаж эхэлсэн. “Алтангадас” АН-ын нэрээр С.Баярын стандарт бус Засгийн газарт багтсан нь 2008 оны намар болсон асуудал. Гэхдээ бусад фракциуд нь тэр үед хусмаа чамласан  хүүхэд шиг л байцгаасан. Х.Баттулга МоАХ фракцийг шинэчилж боломж л өгвөл Н.Алтанхуягийгаа хөнтөрчих гээд ихэд сандаргаж байлаа. Үүний хажуугаар хуучин “Алтангадас”-т байсан З.Энхболд нар “Шонхор” фракцийг байгуулсан юм.

ЗАСГИЙН БОНД УУ, ФОРТУНАГИЙН БОНД УУ

Дараагийн зовлон 2012 онд ирлээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар АН парламентад эрх барих хэмжээний биш ч бусад улс төрийн намуудаас илүү суудал авсан. АН Засгийн эрхийг МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран авч “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрыг байгуулсан. АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон үеэсээ АН доторх фракц, бүлэглэл, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ашиг сонирхлыг тэнцүүлэх гэж яаж ч үзээд бараагүй огцорч салсан. Улсын төсвөөс гадна бондын төсөв бий болж. Гадаад зах зээлээс босгосон Чингис, Самурай бондуудын мөнгийг Эдийн засгийн хөгжлийн яам хэмээх хоёр дахь Сангийн яамны сайд “Фортуна” хэмээх Н.Батбаяр тарааж, түүнээсээ бол хэмлэлдэн хэлхэлдэж байв.Түүний дараа нь “Шударга бусын хонгил” гэж зарласан нөхдүүд ойрын хүрээллийнхнийг нь толгой дараалан шалгаж, шоронд хорьж байлаа. Мөн цагтаа түүний номын дүү байсан З.Энхболд, Д.Одхүү нарын “Шонхор” фракцийнхан  түүнээс нүүр буруулан унагаж өөрсдөө тайзан дээр гарч ирцгээв. Тус фракцийн нэг гол дүр нь мөнөөх С.Эрдэнэ байлаа.

АН-ын одоогийн дарга С.Эрдэнэ хуучин фракцуудыг татан буулгаж АН нэг бүхэл боллоо хэмээн мэдэгдсэн. Фракцийн толгойлогчид тухайлахад Н.Алтанхуягийг АН-аас шууд л хасч орхив. Тэр нь С.Эрдэнэ чи бол МАНАН-гийнх, та нарыг намааса зайлуулна гэсээр явж одсон. Гэхдээ АН-д фракц үлдсэн ба МоАН хэмээх фракцийг Лу.Гантөмөр толгойлох болсныг зарласан билээ. С.Эрдэнэ Н.Алтанхуяг нарын ярьдгаар луйвардаад  намын даргаар соногдсоноосоо хойш АН-ыг Шонхоржуулсан. Ийнхүү АН-д шонхорууд нисч байгаа ч тун удахгүй дүүлэхээ болино гэдэгт олон хүн эргэлзэхгүй байна. Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэж нэрлэгдтэл нь эзэрхийлсэн С.Эрдэнэ АН-ыг одоохондоо эзэгнэж л байна. Түүний ахлах зөвлөх З.Энхболд гэж Монголын хамгийн олон дайсантай нэгэн бий. Тэр энэ удаагийн сонгуульд АН-ын пиарыг ерөнхийд нь хийж байгаа гэх. Өмнө нь намаа унагасан л хүн. Эдүгээ АН-аас хөөгдсөн Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭ нам байгуулсан одоо эвсэл болоод байгаа. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар хэдий бие дааж нэр дэвших гэж байгаа ч хувь хувьдаа намтай. Э.Бат-Үүлийнх Гэр хорооллын хөгжил нам, Н.Алтанхуягийнх Ардчилсан шинэчлэлийн нам.  Эдгээр намууд болоод Х.Баттулүга Ерөнхийлөгчийн ойр тойрны бие даан нэр дэвшигчид АН-ын саналыг хангалттай хуваах зураглал гараад байна.

С.Самбуу

http://www.zuv.mn/nbd


URL: