Москвад өөрийгөө тусгаарлах дэглэмийг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав

53

ОХУ-ын нийслэл Москва хот коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор өөрийг тусгаарлах дэглэмийг хэрэгжүүлээд нилээдгүй хугацааг өнгөрөөсөн билээ. Тэгвэл уг өөрийгөө тусгаарлах дэглэмийг тавдугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгасан гэж Москва хотын дарга Сергей Собянин пүрэв гаригт мэдэгдсэн юм. Тэрбээр ”Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газар, соёл, боловсрол, спорт болон бусад үйлдвэрлэлийн бус үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд түр хугацаагаар хязгаарлалт хийнэ. Ресторан, театр, спортын байгууламж нээхэд арай эрт байна. Тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн бид хязгаарлалтыг хөнгөвчлөх, хэвийн амьдралын хэв маяг руугаа буцах эхний үе шатыг эхлүүлнэ. Мэдээжийн хэрэг, хүний ​​амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хамгийн болгоомжтой, сайжруулсан арга хэмжээ авна. Коронавирусийн тархалт улам хүндэрсэн тохиолдолд цуцлагдсан хязгаарлалтыг дахин сэргээх ч боломжтой” гэдгийг онцлон хэлэв.

Түүнчлэн даваа гарагаас эхлэн Москва хотын оршин суугчид хотын худалдааны төвүүд болон нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүж, бээлий өмсөх үүрэгтэй гэв. Тэгвэл өчигдрийн байдлаар тус улсад  шинээр 6703 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 92,676-д хүрсэн байна.

Үргэлжлүүлэн Москва хотын дарга Сергей Собянин “Өдөр бүр илэрдэг коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо их байгаа боловч энэ нь ихэнхдээ шинжилгээний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд коронавирусийн тархалтын бодит өсөлт биш юм. Үүнээс илүү чухал үзүүлэлт бол сүүлийн хоёр долоо хоногт уушгины хатгалгаа бүхий хүнд, дунд зэргийн өвчнөөр эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо бууралттай байгаа нь сайн явдал юм” гэв.

Мөн Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүс нутгуудад гуравдугаар сарын 30-ны өдрөөс тавдугаар сарын 11-ний хооронд албадан хориглосон дэглэмээс гарах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.


URL: