Ерөнхий сайд: Өвчин зовлон хэзээ ч илэрч магадгүй нөхцөлд байгаа учир бүгд хариуцлагатай байх хэрэгтэй
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж байна. Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагааны талаар Ерөнхий сайдад танилцуулав.
Тэрбээр “Сургуулилтын гол зорилго нь коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилготой. Бэлэн байдлаа сайжруулах, гурван түвшин, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах. Өнөөдрөөс бодит сургуулилт эхэлсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт хатуу хөл хорио тогтоон дадлага сургуулилтаа хийж байна. Мөн Хан-Уул дүүргийн спорт цогцолборт хээрийн эмнэлэгт сургуулилт бэлтгэлийг хангасан байгаа” гэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ”Дадлага сургуулилтад оролцож байгаа бүх албан хаагч, иргэддээ талархал илэрхийлж байна. Бид цар тахалаас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх ажил маш чухал. Өнөөдрийн байдлаар 215 улс оронд коронавирусийн халдвар тархаад байгаа. Энэ өвчин дэлхий нийтийг айдаст автуулж, олон мянган хүн амиа алдаж, олон сая хүн эрүүл мэндээрээ доройтож, олон улс орон эдийн засгаараа хохирч байна. Нөхцөл байдал одоо ч сайжрахгүй байна. Энэхүү цар тахал хэдий хүртэл үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Вакцин гарсан тэр цагт л намжих байх. Тиймээс бид тэр цаг хүртэл урьдчилан сэргийлэх ажлаа хийсээр байх болно. УОК, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр хүн бүхэнд таалагдахгүй байх. Гэхдээ энэ шийдвэр нийтийн эрх ашгийн төлөө учраас иргэн хүн бүхэн дагаж мөрдөх учиртай.
Монгол Улсын хувьд КОВИД19 дотроо тархаагүй ч зөөвөрлөгдөж орж ирсэн 41 тохиолдол байна. Тиймээс цаашдаа ч болгоомжтой байх хэрэгтэй. Өвчин зовлон хэзээ ч илэрч магадгүй аюултай нөхцөлд байгаа учир бүгд хариуцлагатай байх хэрэгтэй. Бид өмнөх саруудаасаа илүү зохион байгуулалттай, хариуцлагатай байх хэрэгтэй. Иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг сайтар дагаж мөрдөж, улс эх орноо аюулт өвчнөөс хамгаалахад хариуцлагатай байхыг уриалж байна. Мөн цар тахалаас урьдчилан сэргийлэх ажилд сэтгэл, бүх зүйлээ дайчлан ажиллаж байгаа албан хаагчиддаа талархаж байна” гэлээ.
Б.Аз
URL: