Ховдын Хөлждөг, “хэлгүй”, хийрхдэг гурав
Тойргоороо тоотой үзэгдэж, ард түмний мандат өвөртлөн төр түшилцэж буй гэдгээ умартсан УИХ-ын гишүүд энэ удаагийн парламентад хэдэн арваараа бий. Эрх ашгийн эрэмбээ зөв хуваарилж чадалгүй эрх зүйт төрийн дор хууль “зайдалж” суугаа нь ч олон. Иймд манай сонин өнгөрсөн дөрвөн жилд сонгогчид болоод Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө түшээд хэрхэн ажиллаж бүрэн эрхээ дуусгаж буй талаар тойрог бүрээр цувралаар бичиж буй. Энэ удаа Ховд аймгийг онцолж байна. Тус аймгийг УИХ-д С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, О.Батнасан нар төлөөлж байгаа билээ.
ТЕНДЕРЭЭР ТЭТГҮҮЛЭГЧ
Хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн бол С.Бямбацогт. Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд энэ хугацаанд сул гишүүнээс УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болтлоо дэвшиж ажилласан. Тэрбээр бизнесийн салбараас улс төрд орж ирсэн залуу үеийн төлөөлөл боловч улсын төсвөөс төр-хувийн хэвшлийн түншлэл нэрээр өндөр дүнтэй тендерүүдийг авч ирсэн.
Үүнийгээ үгүйсгэдэг ч хөдлөшгүй баримтаар илэрсэн нь ч бий. 2019, 2020 онд түүний хамаарал бүхий компани концесс нэрээр 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсвөөс “хумсалсан” гэх мэдээлэл бий. Тэр Увсын Ч.Хүрэлбаатараас дутахгүй Ховдод төрийн албанд халаа сэлгээ хийдэг нэгэн. Түүнд тойрогтоо оролцохгүй асуудал, мэдэхгүй сэдэв байхгүй болчихдог. Энэ бүхнээс нь харахад, Ховд аймаг хөгжил цэцэглэлтээрээ бусдыгаа хол хаяж тасраад байна уу гэхээр үгүй. Нийслэлээс дутахгүй өтгөн утаатай, хуримтлагдсан асуудал ихтэй аймаг хэвээр байгаа юм.
Эрх ашгийн эрэмбээ зөв хуваарилж чаддаг хүнийг сонгогчид сонгож баймаар байна. Ингээд ярихаар сонгогчдын боловсролын асуудал гарцаагүй хөндөгдөнө. С.Бямбацогтын хувьд төрөлх нутаг Ховдоосоо дөрөв дэх удаагаа нэр дэвшихээр намаасаа мандат өвөртөлсөн ч энэ удаа ховдчуудын сонголт өөр талд байх магадлал тун өндөр аж. Учир нь, өнөө л сонгогддог хэдэн гишүүд “Юу хийсэн юм. Малчдын, ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарав. Бахь байдгаараа л байна шүү дээ” хэмээн нутгийнхан бухимдах болжээ. С.Бямбацогт гишүүний хувьд “Алтай трест” компаниараа дамжуулан Увс аймагт тендер авч байсан мэдээлэл ч бий. Нэг ёсондоо аймагтаа авч хэл амны бай болж байснаас харилцан солилцож, тендер авах ов мэх ашигласан гэсэн үг. Хууль тогтоох байгууллагад олон хуулийн төсөл тэр санаачилдаг ч парламентын босго давахгүй байх нь ч олонтаа.
ХООСОН ХИЙРХЭГЧ Б.ПҮРЭВДОРЖ
Энэ удаагийн парламентад нам нь сөрөг хүчин болсон болоод ч тэр үү Б.Пүрэвдорж хэн нэгнийг шүүмжлэхгүй л бол санаа нь амардаггүй нэгэн. Парламентаар хэлэлцэж буй асуудалд ямар нэг аргаар өө хайж, шүүмжлэх нь түүний гол пиар байсан гэхэд болно. Шүүмжилж буй асуудлыг нь лавшруулаад асуухаар хэт ерөнхий зүйл ярьж, тухайн сэдвээ сайн мэдэхгүй нь илт байдаг. Нэг ёсондоо академик түвшний боловсрол дулимаг хүн. Тэрбээр УИХ-д анх удаа сонгогдсон “шинэков”-уудын нэг. Гэсэн ч илтгэх чадвар сайтай учраас эрх баригч намын парламентаар оруулж ирсэн асуудлыг зад шүүмжилж, “бүлээн жин” тавихдаа гаршсан. Нам дотроо мэдлэгтэйд тооцогддог З.Нарантуяа гишүүн асуудлыг гаргаж тавихад газар авахгүй хэр нь Б.Пүрэвдоржийг ярихаар олны анхааралд хүрдэг гэх яриа хүртэл гарсан. Хэдийгээр тэрбээр илтгэх чадварыг боломжийн түвшинд эзэмшсэн ч хийрхсэн асуудал нь байгаа онох нь тун бага.
Б.Пүрэвдорж байсгээд хууль, тогтоолын төсөл санаачилдаг ч парламентын босго давдаггүй. Үүнийгээ эрх баригч нам сөрөг хүчний гишүүдийн санаачилсан хууль, тогтоолын төслийг албаар явуулахгүй байна хэмээдэг. Тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ санаачилсан хуулийн төсөл нь бодит амьдралд нийцэж байна уу, тооцоо, өртөг нь хэд болох вэ гээд үзэхээр учир дутагдалтай зүйл олон бий. Монголын махны холбооны ерөнхийлөгчийн гуншинтай тэрбээр малчдын нэр барьж, “поп” мэдэгдэл хийж, рейтингээ өсгөх гэж оролддог ч тэр бүр амжилт олохгүй байсаар энэ парламентын бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна.
ТАНИГДАЖ АМЖИЛГҮЙ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАЖ БУЙ О.БАТНАСАН
Хотын мэр асан Э.Бат-Үүл 2016 онд “МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч гарахаар байсан” хэмээн хэлж байв. Яг үүн шиг хэний ч танихгүй чихрийн наймаачин эр Ховд аймагт УИХ-д өрсөлдөж ялалт байгуулсан. Үнэндээ улс төрийн талаар мэдлэг маруухан тэрбээр сохор азаар хууль тогтоох байгууллагын гишүүн болж, хууль батлах дараалал, хэлэлцүүлэгтэй танилцаж явсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Тэрбээр 2016 оны сонгууль болохоос жил гаруйн өмнө МАН-д элсээд нэр дэвших “виз” авчихсан зайтай эр. Нам, төрийн албанд олон жил зүтгэсэн журмын нөхөд нь нэр дэвшиж чадахгүй байхад тэрбээр УИХ-д өрсөлдсөн нь олон жижиг бизнес эрхэлж, олсон мөнгөнөөсөө намдаа өдий төдийгөөр нь хандивласантай нь холбоотой.
Тэрбээр парламентаар хэлэлцэж байгаа асуудалд байр сууриа илэрхийлэхдээ туйлын хойрго нэгэн. Сэтгүүлчид ярилцлага авъя гэхэд “Би юугаа ярих билээ. Зарим асуудлыг сайн мэдэхгүй юм” хэмээн хээвнэг хэлж суудаг. УИХ-ын гишүүнийхээ хувьд 2-3 Байнгын хороонд харьяалагддаг ч мөн л хэлэлцэж буй асуудалд байр сууриа барагтай илэрхийлдэггүй. Дүлий дүмбэ оргиж, дөрвөн жил ховдчуудыг төрд төлөөлөхдөө санаачилсан хууль, тогтоолын төсөл нь хуруу дарам цөөхөн юм билээ. УИХ-ын гишүүний гол ажил хууль батлах. Тэр хууль нь ард түмний амьдралд нийцсэн, бодит байдалтай уялдсан байх ёстой.
Түүнээс бодит амьдралаас хол тасарсан хууль баталбал ачааг нь ард түмэн үүрнэ. Энэ үүднээсээ төр түшилцэж буй гишүүд сайн уншиж, парламентаар хэлэлцэгдэж байгаа асуудал бүрийг углуургаар нь харж, судлах хэрэгцээ шаардлага бий юм. Гэвч О.Батнасан гишүүн энэ асуудалд тун хойрго хандаж ирсэн гэвэл үнэнээс хол зөрөхгүй ээ.
Улсын төсвийг 76 тойрогт хувааж, нэн тэргүүний хийх ёстой ажил бус аар саархан зүйлд хөрөнгөө тарамдаж байна гэх шүүмжлэл байдаг. Нэг ёсондоо парламентад нөлөөтэй, лобби сайн явуулж чаддаг нь тойрогтоо ахиу мөнгө төсөвлүүлдэг байдал сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон. Ховд аймаг үүний тод жишээ юм.
ЭХ СУРВАЛЖ: Б.БИЛЭГЭь ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: