Монгол Улсын парламент нас дагаж намба суух болсон

11

Монгол Улсын парламент нас дагаж, намба суух болсны шалгуур, найм дахь удаагийн сонгууль ойртож байна. Улс төрийн намууд улс гэр төдийгүй дэлхийг айлгаж байгаа гамшиг зовлонг үл харгалзан, ам уралдан хөтөлбөр төлөвлөгөөгөө зарлаж, бие биенийхээ алдаа эндэгдлийг тунхаглаж, хэдэн арван бие даагчид эрх мэдэл, эд баялаг олно хэмээн мөрөөдөж сууна. Харин сонгогч та бид сонгуульд бэлтгэх завгүй, улс орон, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө цаг нартай уралдан ажиллаж, амьдарч байна. Улс орны хөгжил, үр хүүхдийн маань ирээдүй сонгогч та бидний сонголтоос шууд хамааралтайн учир сонгуульд, бэлтгэх цаг завыг өөртөө гаргаж, улс төрийн ямар хүчний, хэн гэгч нэр дэвшигчийн төлөө санал өгөхөө эртнээс сайтар бэлтгэх, өнгө мөнгө дагаж сонголт хийж ирсэн, өмнөх гучин жилийнхээ, алдаанд дүгнэлт хийж зөв сонголт хийх шаардлага тулгарч байна. Өмнөх парламентын алдаа дутагдал нь хувь улс төрчийн төдийгүй сонгогч та бидний буруу сонголттой холбоотойг маргах хүнгүй байх. Сонгогч та бид л алдаагаа засахгүй бол, зарим улс төрчийн увайгүй үйлдэл улс гэрийг маань доройтуулсаар байх тул ухаан бодлоо тунгаах цаг болсон.

Нэгэн зүйл: Улсын Их Хуралд илгээх хүн маань хэн байх вэ гэдгийг сонгогч та бид шилж сонгох үндсэн шалгуур нь ёс зүй билээ.
Төрийн түшээгээр сонгож болох хүнд тавигдах ёс зүйн наад захын шалгуур нь үнэнч, шударга, итгэлтэй, хариуцлагатай, бусдыг хүндэлж, санаа тавьдаг байх явдал мөн. Ёс зүйн энэхүү шалгуурыг хангаж чадах, нэр дэвшигч хэн бэ гэдгийг үнэлэх үнэлэмж нь эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн албан тушаал, хөрөнгө мөнгөнөөс илүү тухайн хүний үнэт зүйлийн мэдрэмж юм.
Хувь хүний үнэт зүйл нь эрүүл мэнд, гэр бүл, боловсрол, ажлын амжилт нэр хүнд, хариуцлага, энэрэнгүй сэтгэл, хичээл зүтгэл байдаг бол нийгмийн үнэт зүйл нь эрх чөлөө, хүний эрх, шударга ёс, тэгш байдал болно. Харин төрийн албаны үнэт зүйл нь аливаа асуудалд алагчлал, ялгаваргүй, үйлчлүүлэгч олондоо хүндэтгэлтэй хандах, хариуцлагатай байдлаар илэрч байдаг. Тэгвэл бидний итгэж болох улс төрч нь үзэл бодол, үйл хэргээрээ Үндсэн хууль, бусад хууль ёсыг сахидаг, шударга ёсыг ямагт дээдэлж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрт ёс, хүний нэр төр, алдар хүндийг дээдэлж, сонгогч олондоо чин сэтгэлээсээ үйлчилдэг хүн байвал улс, гэр дэвжин дээшилж, зон олон маань амгалан тайван амьдрах болно.
Нэгэн зүйл: Төр, нийгмийн ажлын мэдлэг туршлага сайн хуримтлуулсан хүнийг сонгогч бид Улсын Их Хуралд илгээх ёстой. Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжууд тун богино настай байгаа нь нийгмийн хөгжлийн хурдтай холбоотой боловч нөгөө талаас нь дүгнэж үзэхэд, хууль тогтоогчид эрдэмжээгүй, төлөвшиж чадаагүй, маргаашийг харах оюуны чадваргүйтэй шууд холбоотой. Мэргэжил мэдлэг нь ажлын амжилт бүтээл, туршлагаар батлагдсан хүнийг төрд илгээхсэн. Улсын Их Хурал, Засгийн Газраас томоохон шийдвэр гарах бүрд эрдэмтэн доктор гэх хэдхэн хүн хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан тэр ч буруу, энэ ч болохгүй гээд ярьцгаадаг. Тэдний яриаг анхааран чагнаж, харж, уншиж суухад тухайн ажлыг өөрөөр хэрхэн сайн хийх тухай ганц хэрэгтэй санаа байдаггүй. Манай сонгогчдын олонх нь тэдний хоосон үгэнд итгэж, гэнэн сонголт хийчихээд үнэн төрхийг нь таниад ирэхлээрээ харамсаж халаглаж суудгаа болих цаг болжээ. Сонгогч олны бодож явах нэг чухал асуудал байна. Барууны хөгжилтэй орнуудын өндөр чансаатай сургууль төгссөн үнэмлэх дипломоор гоёсон улс төрчдөд итгэж болохгүйг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын олон хүний улс оронд учруулсан хор хөнөөл бэлээхэн харуулж байна.
Ардчилал, зах зээлийн харилцаа хөгжсөн гэгдэх барууны орнуудын аж төрөх хэвшил нь өнгө мөнгөөр бүхнийг үнэлж, эх орон эгэл олны төлөө гэх сэтгэлгээг хувь хүний сэтгэл зүрхнээс алга хийдэг онцлогтой. Төрийн түшээд түмэн олноо гэх сэтгэл зүрхгүй хүн байж болохгүй биздээ.
Нэгэн зүйл: Өмнөх сонгуулиудад, сонгогч та бидний хийсэн нэг том алдаа нь хувийнхаа асуудлыг шийдвэрлээгүй, амьдрал таниагүй, ажил сураагүй, аав ээждээ эрхэлж туних зангаа орхиогүй, олон хүнийг төрд илгээснээс болж төрийн алба томоожоогүй хүүхдүүдийн тоглоомын талбар боллоо. Арав таван хүнтэй баг ахалж үзээгүй хүнийг төрийн түшээ болгон сонгосноор түмний гачигдал зовлон хөнгөрөхгүй байна. Өөрөө хөгжөөгүй хүнд өрөөлийг өөд татах ухаан яахан байх вэ. Дөч хүрсэн эр хүн, дөрвөө дарсан атан тэмээ хоёр ачааны хүндийг дааж, замын бэрхийг туулдаг хэмээх, эртний мэргэдийн сургаалийг дагаж, энэ олон нэр дэвшигчдээс нас тогтож, намба суусан хүнийг сонгох, түмний зовлон, жаргалыг төрсөн биеэр мэдэрсэн зөв хүнийг төрд илгээе.
П.АДЬЯАСҮРЭН

URL: