БНСУ-ын сургуулиуд танхимын сургалтаа энэ сарын 13-нд эхлүүлнэ

VIETNAM-HEALTH-VIRUS-SCHOOL

БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэхгүй байгаа энэ үед тус улсын иргэд энгийн амьдралдаа эргэн орж байна. Тус улсын ерөнхий боловсролын сургуулиуд тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар уламжлалт сургалтын хэлбэрт шилжих талаар тус улсын Боловсролын сайд Ё Юн Хэ мэдэгдлээ.

Эхний ээлжид төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж эхлэх бол долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 20-ны өдрөөс 11, 9, 2, 1 дүгээр ангийн болон цэцэрлэгийн танхимын сургалт эхлэх аж.

Түүнчлэн тавдугаар сарын 27-ны өдрөөс 10, 8, 3 болон 4 дүгээр ангийн хичээл эхлэх бол 5, 6, 7 дугаар ангийнхан хичээлдээ 6 дугаар сарын 1-ний өдрөөс орох гэнэ.

Дашрамд дурдахад, БНСУ-д хичээлийн шинэ жил гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, дараа жилийн 2 дугаар сарын дундуур дуусдаг ба хичээлийн жил нь хавар, намрын улирал гэж хуваагддаг юм. Мөн зуны 7,8 дугаар саруудад амардаг бөгөөд энэ жил цар тахал гарсантай холбогдуулан хичээлийн жилийн нээлтийг хэд хэдэн удаа хойшлуулж байгаад зайны сургалтыг эхлүүлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Э.Мөрөн


URL: