УБЦТС ТӨХК-аас хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжид ээлжит бус үзлэг, шалгалтын ажлыг зохион байгуулна

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас хэрэглэгчдийг цахилгаанаас  үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах гэж байна.

Тухайлбал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдардаг гэр хорооллын хэрэглэгчдийн оруулгын  утас,  щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гадна цахилгаан шугам  тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах ажлыг хийж иргэдийн аюулгүй байдлыг хангуулахаар НОБГ, НМХГ-тай хамтран ажиллах юм.

Дэлхий нийтээр тархаад буй Ковид -19 цар тахлын үед  халдвараас урьдчилан сэргийлж уг үзлэг шалгалтыг ЭМЯ-с өгч буй заавар, зөвлөмжийн  дагуу зохион байгуулна.

         Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үзлэг шалгалтад Сонгинохайрхан,  Баянзүрх дүүргийн  нийт 245 дэд өртөөний 42315 хэрэглэгчид хамрагдах ба цаашид бусад дүүргийн хэрэглэгчдийг төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хамруулахаар төлөвлөж байна.


URL: