С.Баяр нарын 7 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 8:30 цагаас эхэлсэн. Шүүх хуралдааны үеэр яллагдагч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Дээрх шүүгдэгч нарыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байсан билээ. Албан тушаал, авлигалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Ерөнхий сайд асан С.Баярыг 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Хэрэг нь шүүхэд шилжих үеэр С.Баяр твиттертээ “…Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачна гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ. Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм алга” гэж жиргэсэн байдаг.
Т.Хэрлэн
URL: