Францын иргэн: Монголчуудын амь нас итгэл, найдвартай эмч нарын гарт байна

372

Хоёр сарын өмнө Монголд коронавирусийн халдвар бүртгэгдэж, нийгмийг багагүй донсолгож байв. Халдварын анхны тохиолдлоор нэрлэгдсэн Франц улсын иргэний биеийн байдал эхэндээ хүндхэн байв. Эрүүл мэндээс илүүтэй сэтгэл санааны хувьд цочролд орсон түүнийг ойлгож, эмч нарынхаа чадварт итгэхийг ХӨСҮТ-ийнхөн уриалж байлаа. Монголчуудаас “Анх-Отгон” нэр авсан франц иргэний эмчилгээ дөрөвдүгээр сарын 27-нд дуусаж, таван төрлийн шинжилгээгээр түүнийг эдгэрсэн гэж үзжээ.

47 хоног эмчлүүлж вирусийн халдвар нь бүрэн эдгэрсэн франц иргэнийг Улаанбаатар-Франкфуртын онгоцоор нутаг буцахынх нь өмнө цөөн хором ярилцлаа.

-Коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэх үедээ та эх орондоо очиж эмчлүүлэх боломжтой байсан. Яагаад ХӨСҮТ-ийг сонгон эмчлүүлэх болсон бэ?

-Тийм ээ, би 47 хоног ХӨСҮТ-д эмчлүүлсэн. Надад нэлээн урт хариулт байна. Өвдөхөөсөө өмнө бараг Монголд эмчлүүлэх сонголт хийгдсэн байсан гэж хэлж болохоор. Яагаад гэвэл би Монгол Улсад ажиллаж байсан шүү дээ. Намайг энд ирэхэд Монгол Улсын Засгийн газраас аль хэдийнээ ард иргэдээ коронавирусээс  хамгаалах арга хэмжээг аваад эхэлчихсэн байсан. Тухайлбал амны хаалт байнга зүү, гараа ариутга гэсэн шаардлага тавьж байсан. Мөн намайг эмчилсэн эмч нарын баг, тэр дундаа Ц.Чинбаяр эмч үнэхээр чадварлаг.

Эмчлүүлсэн эмнэлэг маань  халдвартын мэргэжлийн эмнэлэг байгаад нь бас их баяртай байв.

Ц.Чинбаяр эмч маань өөр бусад орны  эмч нартай холбоотой ажиллаж байсан. Бүүр Францын эмч нартай хүртэл холбогдон мэдээлэл солилцож байлаа. Энэ холбоогоор дамжуулаад Францын талаас эмч нар надад  “Та маш найдвартай сайн эмч нарын гарт байгаа юм байна” гэж хэлсэн нь үнэн байв.

Энэ боломжийг ашиглаад намайг эмчилж эдгээсэн Ц.Чинбаяр эмчдээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ХӨСҮТ-ийн хамт олон захирал Д.Нямхүүд бас  Эрүүл мэндийн сайдад талархсанаа илэрхийлье.

-Эхэндээ франц иргэний биеийн байдал нэлээд хүнд байна гэсэн мэдээллийг бидэнд өгч байсан. Тухайн үед нөхцөл байдал ямар байв?

-Халдвартай гэсэн мэдээг сонсоод юун түрүүнд мэдээж өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовсон. Дараа нь хамтран ажиллаж байгаа нөхдөдөө вирус халдаачихлаа гэж маш их санаа зовсон. Гол нь Монгол Улсад халдвар аваад ирсэндээ үнэхээр айж, түгшиж байлаа.

Эхний хоёр өдөр толгой өвдсөн. Маш их ядарч, бие сулраад байсан. Дараагаар нь халуурч эхэлсэн. Удалгүй уушги өвдөж, хатгалгаа болсон. Түүнээс биш ханиалгаагүй. Ерөөс ханиалгасан шинж тэмдэг илрээгүй.

-Эх орон, гэр бүлээсээ хол газар халдвар авснаа мэдэхэд сэтгэл зүйн хувьд хүнд байсан байх. Хоёр сарын турш ХӨСҮТ-д эмчлүүлэн энэ бүхнийг давж туулахад тань юу тус болж байв?

Намайг ХӨСҮТ-д эмчлүүлж байхад Монголын ард түмэн сэтгэл санааны асар их дэмжлэг өгч байсанд баярлалаа. Сайхан үгтэй захидал, сэтгэл шингэсэн бэлэг илгээж, хүүхдүүд зурсан зургаа явуулж байлаа. Энэ бүхэн намайг өвчнөө давахад зоригжуулж, бүхнийг туулах хүч өгсөн дөө.

-Эдгэрсэн гэдэг мэдээ сонсоод ямар мэдрэмж төрсөн бэ. Гэр бүлийнхэнтэйгээ энэхүү баярт мэдээгээ хэрхэн хуваалцав?

-Манай гэр бүлийнхний сэтгэл сая л нэг амарсан байх. Миний эхнэр эмнэлгийн байгууллагад ажилладаг болохоор одоо нэлээн эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа гэж хэлж болно. Хэрвээ би эдгэхгүй, дээр нь эхнэр маань нэмээд халдвар авчихвал хүүхдүүд минь яах билээ гэж бодоод санаа их зовж байлаа. Эдгэрсэн гэсэн мэдээг сонсоод гэр бүлээрээ маш их баярласан. Энэ боломжийг ашиглаад эдгэрэх энэ нөхцөл байдлыг удирдаж ажилласан ОБЕГ-ын дарга Ч.Бадралд баярлалаа гэж хэлмээр байна.

Өнөөдөр Монгол Улсад коронавирус зөвхөн гаднаас тээвэрлэгдэж орж ирсэн байгаа. Бусад улс орнуудад нөхцөл байдал маш хүнд байгааг бид мэднэ. Тэгэхээр эмч нарынхаа заавар зөвлөгөөг сайн дагаад байхад таны амь нас итгэл, найдвартай хүмүүсийн гарт байгаа шүү. Миний зүгээс үүнийг итгэлтэйгээр хэлж чадна. Мөн дэг журмаа сайн дагаж мөрдөөд байх юм бол Монгол Улс энэ чигээрээ дотроо халдвар тараахгүй байх бүрэн боломжтой гэж харж байна. Одоо ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа монголчууддаа хандаж хэлэхэд удахгүй эдгэрч эрүүл болно, үүнд итгэлтэй байгаарай.

Eagle.mn


URL: