Ухамсаргүй залуучууд, увайгүй хоёр, гуравхан байгууллагаас болоод 10 мянган хүн ажилтай байх боломжоо алдчихлаа

366

Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны захирамжаар хаалгаа барьсан 945 баар, караокег нээсэн билээ. Гэвч бямба гарагт залуучууд ангаж цангасан мал усны бараа хараад тоос ухаан мэдрэлгүй дайрдаг шиг л бааранд шавааралдав.  Юун нөгөө цар тахлын үеийн дэглэм журам мөрдөх, олон хүн нэг дор цугларахыг хориглох.  Вирус тархах аюулыг бодолцож байгаа хүн тэнд байгаагүй.  Архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэсэн байсан. Бямба гарагт буюу тавдугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагад согтуугийн дуудлага 427 ирж, 227 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125 болж, баасан гарагийнхаас 50 орчмоор өссөн байна. Энэ бүхэн л нөхцөл байдал ямар байсныг харуулж байгаа юм.

Нийгэм тэр чигээрээ л хоёр өдөр баар, караоке нээх шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг чичилж, мууллаа.  Сургалтын төвөө нээхгүй байж баар, караокег ажиллууллаа.  Согтуу хүмүүс угаасаа зай барьж, дүрэм биелүүлнэ гэж юу байсан юм гэж ч шүүмжиллээ. Балай шийдвэр гаргалаа гэсэн өнцгөөр ч баахан дайрав.  Баар, караокег нээх нь буруу биш.  Тэнд маш олон хүн ажиллаж байгаа.  Ажлын байр нь хаалгаа барьчихаар хэцүүдэж байгаа нь тодорхой.  ХАҮТ-аас мэдээлж байгаагаар 46 мянган хүн ажлын байргүй болсон. Тэдний ихэнхийг үйлчилгээний салбарынхан эзэлж байгаа.  Тэгэхээр баар, караокегоо нээгээд, ажлын байраа хадгалахад нь чиглэсэн бодлого барьсан нь Засаг даргын зөв.

Өчигдөр тэрбээр мэдээлэл хийхдээ “Айл өрхийг орлоготой, ажлын байртай байлгах, ААН-үүдийг дэмжих зорилгоор амаргүй шийдвэрүүдийг богино хугацаанд гаргаж ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд баар, цэнгээний газруудыг нээсэн боловч хяналт тавих байгууллагууд ч иргэд ч аль аль нь бэлтгэлгүй байлаа” гэсэн. Мэдээж амар шийдвэр байгаагүй ойлгомжтой. Гэхдээ л нийслэлийн удирдлагууд аж ахуйн нэгжүүддээ ч, иргэддээ ч итгэж, найдсан байх. Харамсалтай нь зарим уушийн газрынхан, залуу голдуу уугчид ухамсартай байсангүй.  Аминдаа хайргүй, бусдыгаа хайрладаггүй, төлөвшөөгүй байна. Насаараа гянданд хэвтсэн хүн нар харах боломж олдоод гадагшаа гарах гэж дайрч байгаа юм шиг л байлаа.

Бид хариуцлагыг шийдэл гаргасан даргаас биш хариуцлагагүй үйлдэл гаргасан, хэт дураараа нэг хэсгээсээ нэхэх ёстой.  Дүрэм, журам мөрдүүлэх гэж очсон, шаардлага тавьсан 7 цагдаагийн биед залуучууд халдсан байсан.  Арай дэндүү хэрэг биш үү.   Тэд дарга нар аж ахуйн нэгжүүдээ дэмжих гэж ийм шийдвэр гаргалаа даа. Бид дүрэм, журмаа мөрдөж, бусдыгаа хайрлах ёстой. Эрсдэлтэй зүйл хийж болохгүй гэж огт бодсонгүй. Ууж идэх, бүжиглэхдээ л анхаарлаа.  Зарим нэг байгууллагуудын увайгүй үйлдэл энэ олон газрын хэвийн ажиллахад саад болов. Ердөө хоёр, гуравхан газар хүмүүсийг олноор бөөгнүүлсэн, халуун хэмжээгүй, амны хаалт зүүхийг шаардаагүйн төлөө 900 гаруй байгууллага хохирлоо.

Олон баар, караоке ажиллуулж буй хүмүүс ажилчдаа хөдөө, гадаанаас дуудаж, ариутгал халдваргүйтлийн бодис, нэг удаагийн бээлий, амны хаалт бэлтгэж, архи, шар айргаа ч зээлж авч бэлтгэсэн биз.  Гэтэл өчигдөр хотын дарга баар, караокег буцаагаад хаах шийдвэр гаргаснаас болоод тэд хохирч байна. Хохирч байгаа талаараа ч олон хүн бичиж байна, цахим орчинд.  Бараг ажиллаагүй байснаасаа ч илүү хохирчихлоо байна. Хэнээс болов, ердөө л ухамсаргүй, увайгүй хэсэг бүлэг хүмүүсээс л болчихлоо.

Уг нь баар, караоке ажиллуулж байгаа нь ч, үйлчлүүлж буй нь ч дүрэм журмаа мөрдөөд, аятайхан байсан бол зүгээрсэн. 900 гаруй байгууллага наанадаж 10-аад мянган хүнийг ажилтай байлгах байсан юм.  Гэвч хэдэн согтуу залуус, хоёр гуравхан шуналтай байгууллагаас болоод энэ олон хүн ажилтай байх, өрх гэрийнх нь эдийн засаг сэргэх боломж салхинд хийсэв.  Одоо тэгээд ахуйн хүрээндээ архидаад, гэр бүлийн хүчирхийллээ үйлдээд, 10, 20 мянгаараа ажилгүй сууцгаагаад байж дээ.

Эх Сурвалж: Zaluucom.mn


URL: