Дэлхийн зарим улс орон хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулж эхэллээ
МОСКВА. /RIA Novosti/. Коронавируст халдварт өвчин тархсантай холбогдуулан авсан хязгаазрлалтын арга хэмжээгээ зарим улс орон даваа гаргаас аажмаар сулруулж эхллээ.
АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 3 502 126 хүн коронавирусний халдвар авч, 247 107 хүн нас барсан бол 1 119 817 хүн эдгэрсэн байна. Коронавирусний халдварын хамгийн олон буюу 1 156 924 тохиолдол АНУ-д бүртгэгдэж, 67 451 хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор тус улсын дараагаар Испани /217 466/ болон Их Британи /187 840/ орж байна.
Европт тогтоосон хязгаарлалтыг хэрхэн сулруулж байна вэ?
Итали улсад тавдугаар сарын 4-нөөс коронавирусний цар тахалтай хийж буй тэмцлийн “хоёрдугаар үе шат” эхэлж, үүний хүрээнд зарим хязгаарлалтыг цуцална. Тус улсад баар, зоогийн газрууд олон хүн нэг дор бөөгнөрүүлэхгүй, авч явах захиалгаар үйлчлэх болзолтойгоор нээгдэнэ. Мөн гуравдугаар сарын 22-ноос зогсоосон аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, барилгын үйл ажиллагааг сэргээхээр болсон байна. Үүний зэрэгцээ хотын дарга нарын зөвшөөрөлтэйгөөр цэцэрлэгт хүрээлэн, хотын цэцэрлэгүүд нээгдэх аж. Италийн иргэд мөн аюулгүй байдлын журмыг дагаж мөрдөн ганцаарчилсан сургалтад хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлийн спортын клубүүдийн үйл ажиллагааг сэргээжээ.
Европын улс орнуудаас хамгийн хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн Испанид хорио цээрийг цуцлах дөрвөн үе шаттай төлөвлөгөөний эхний үе шат даваа гаргаас хэрэгжиж эхэллээ. Энэ үе шатанд хувийн хэвшлийн зарим байгууллагууд үйл ажиллагаагаа сэргээх юм. Зоогийн газрууд нээгдэх бөгөөд зөвхөн авч явах захиалга авна. Мөн спортын сургалтуудыг сэргээнэ.
Коронавирусний цар тахалд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг болох Бельги улс даваа гаргаас тусгаарлах арга хэмжээг сулруулж эхэлнэ. Тус улсын эрх баригчид мөн олон тооны үйлчлүүлэгчидтэй шууд холбоо үүсгэдэггүй компаниудад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Дараа нь тавдугаар сарын 11-нд барааны дэлгүүрүүдийг нээх бөгөөд үйлчлүүлэгчид хоорондоо хол зайтай байх журмыг дагаж мөрдөнө. Бельгичүүд энэ үед мөн төрөл садныдаа зочилж болох аж. Харин сургуулиудыг тавдугаар сарын 18-наас хэсэгчлэн нээнэ. Зоогийн газар, баар, шөнийн цэнгээний газруудыг зургадугаар сард нээхээр төлөвлөжээ.
Грекийн эрх баригчид даваа гаргаас эхлэн бүс нутгуудынхаа нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтын үндсэн хэсгийг цуцална. Ном, цахилгаан болон спортын барааны дэлгүүрүүдийг, мөн үсчин, автомашины засвар үйлчилгээ зэрэг үйлчилгээний газруудыг нээнэ. Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бусад газрыг ирэх долоо хоногийн даваа гарагт нээх аж. Харин наран шарлагын газрууд одоохондоо хаалттай байх юм. Түүнчлэн тавдугаар сарын 4-нөөс сүмүүдийг нээж байгаа бөгөөд итгэгчид зөвхөн ганцаараа мөргөл үйлдэж болно.
Кипр улс хязгаарлалтын арга хэмжээг тавдугаар сарын 4-нөөс болон тавдугаар сарын 21-нээс хоёр үе шаттайгаар цуцална. Аялал жуулчлалын агентлагууд, жижиглэн худалдааны ихэнх дэлгүүрүүд тавдугаар сарын 4-нөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Төрийн байгууллагуудын ажил бүрэн хэмжээнд сэргэх бөгөөд иргэдийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг сулруулжээ. Даваа гаргаас эхлэн сүм хийдүүдэд мөргөл үйлдэхийг зөвшөөрөх боловч нэг дор 10-аас дээш хүн оролцож болохгүй. Ганцаараа спортоор хичээллэхийг зөвшөөрнө. Харин хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалттай хэвээр байх аж.
Польш улсад хязгаарлалтыг цуцлах арга хэмжээнийхээ эхний үе шатыг дөрөвдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын эрх баригчид эхний ээлжинд ой, цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд зугаалахыг хориглосон шийдвэрийг цуцалж, хүнсний дэлгүүрт нэгэн зэрэг байж болох хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн байна. Харин тавдугаар сарын 4-нөөс зочид буудлууд нээгдэж, худалдааны төвүүд цөөн тооны үйлчлүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлжээ. Польшийн эрх баригчид мөн даваа гаргаас цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээхийг зөвшөөрсөн бөгөөд зургаагаас илүүгүй хүн бэлтгэл сургууль хийж болох аж. Харин тавдугаар сарын 6-наас цэцэрлэг, яслийг нээхээр төлөвлөжээ.
Хойд болон Өмнөд Америкт
Канадын зарим мужид мөн тавдугаар сарын 4-нөөс хязгаарлалтын арга хэмжээг аажмаар сулруулж эхэлсэн байна. Тухайлбал, Квебек мужид иргэдийн хөдөлгөөнийг хянах цагдаагийн цэгүүдийг буулгасан бол Саскачеван мужид загасчлах, гольф тоглох, майхантай амарч зугаалахыг зөвшөөрчээ. Манитоба мужийн оршин суугчид даваа гаргаас эхлэн эмнэлгийн зарим үйлчилгээг авах боломжтой бөгөөд мөн үсчин орж болно. Түүнчлэн жижиглэн худалдааны дэлгүүрүүд нээгджээ.
Эквадорын эрх баригчид хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс эхлэн үе шаттайгаар сулруулж байна. Тус улсын бүс нутгуудыг гурван бүлэгт хуваажээ. “Улаан” ангилалд орсон хотуудад гэрээр хүргэх үйлчилгээ үзүүлдэг компаниудад тавьсан хязгаарлалтыг сулруулж, таксины үйлчилгээг хэсэгчлэн сэргээсэн байна.
“Шар” ангиллын суурингуудад төрийн болон хувийн байгууллагууд нийт ажилтныхаа 50 хувийн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн бол нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээжээ, мөн хөл хорионы цаг оройн 18 цагаас өглөөний 5 цаг хүртэл үргэлжилнэ. Харин “ногоон” хотуудад үйлдвэр, компаниудад 70 хувийн бүрэлдэхүүнтэй ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд худалдааг хэсэгчлэн сэргээж, хотын болон хот хоорондын тээврийн үйлчилгээг сэргээсэн байна Хөл хорих цаг 21 цагаас 5 цаг хүртэл үргэлжилнэ.
Африк болон Азид
Тунист даваа гаргаас төрийн байгууллагууд, хүнсний үйлдвэрүүд, барилга, үйлчилгээний салбарын ажлыг хэсэгчлэн сэргээлээ. Тавдугаар сарын 11-нээс үсчин, гоо сайхны газраас бусад жижиг бизнесийн газруудыг аажмаар нээнэ. Мөн хувцас, гутлын дэлгүүрүүд болон худалдааны том төвүүдээс бусад худалдааны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах боломжтой байна.
Нигери улсын эрх баригчид нийслэл хотын бүсэд болон Лагос, Огун мужуудад тогтоосон хязгаарлалтыг даваа гаргаас эхлэн үе шаттайгаар цуцална. Эдгээр бүс нутгийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 30-наас эхлэн хязгаарлажээ.
Сингапурын эрх баригчид тавдугаар сарын 5-наас эхлэн зарим үйлдвэрээ нээнэ. Хятадын уламжлалт анагаах ухааны төвүүдийг нээхээс гадна тус улсын иргэд хамтран эзэмшдэг хувийн газартаа биеийн тамираар хичээллэж болно. Харин усан сан, спорт танхимуудыг нээхгүй байна.
ТУХН-ийн орнуудад
Армен улсын эрх баригчид эдийн засгийнхаа хэд хэдэн чухал салбарыг даваа гарагт “нээлээ”. Тус улсын шадар сайд Тигран Авиняны хэлснээр, боловсролын байгууллагууд “хаалттай” хэвээр байх бөгөөд соёл, зугаа цэнгэлийн салбарт хязгаарлалт хэвээр үлдэнэ.
Казахстанд гудамжинд дасгал хийхийг зөвшөөрч, үсчний газруудыг нээжээ. Түүнчлэн 500 м.кв хүртэлх талбай бүхий хувцас барааны дэлгүүрүүд, эмнэлгийн төвүүд, шүдний эмнэлгүүд, гэрэл зургийн салон, цэцгийн лангуу, үл хөдлөх хөрөнгийн компаниуд, зар сурталчилгааны агентлагууд, өмгөөлөл, нотариатын газрууд, бичил санхүүгийн байгууллагууд, ломбард, даатгалын компаниуд даваа гаргаас ажиллаж эхэлнэ. Үүнээс гадна, Нур-Султан болон Алма-Ата хотоос Кызылорда, Петропавловск, Усть-Каменогорск болон Семей хот руу үйлддэг нислэгийг сэргээх шийдвэр гаргажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: