Ким Жөн Ун олны өмнө гарч ирлээ

331

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 20 хоногийн дараа анх удаа олны өмнө гарч ирсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээллээ.

“БНАСАУ-ын удирдагч бордооны үйлдвэрийг нээх ёслолын туузыг хайчиллаа” гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Түүнийг баасан гарагт ирэхэд үйлдвэрт байсан бүх хүн “ура” хэмээн хашхирсан байна.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 12-ноос хойш олны өмнө харагдаагүйтэй холбогдуулан түүний биеийн байдлын талаар янз бүрийн таамаглал гарч эхэлсэн юм.

“KCNA” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун БНАСАУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтны хамтаар дээрх арга хэмжээнд оролцжээ. Тэдний дунд түүний дүү охин Ким Ё Жон байжээ.

“KCNA” агентлаг юу гэж мэдээлэв?

“БНАСАУ-ын удирдагч Пёньян хотоос хойд зүгт оршдог бүс нутагт болсон үйлдвэрийн нээлтэд оролцож, тууз хайчиллаа. Уг үйл ажиллагаанд оролцсон хүмүүс хөгжил цэцэглэлтийн төлөө бүх ард түмнээ удирдан залж буй удирдагчдаа халуун баяр хүргэлээ” гэж “KCNA” агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.

Ким Жөн Ун үйлдвэрийн үйлдвэрлэлийн системд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэхүү үйлдвэр БНАСАУ-ын химийн үйлдвэр болон хүнсний үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэр оруулна гэж хэлсэн байна.

Түүний биеийн байдлын талаарх таамаглал хаанаас гарав?

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 15-нд өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцоогүйгээс хойш түүний биеийг муудсан гэж таамаглаж эхэлжээ.

Энэхүү арга хэмжээ нь БНАСАУ-ын хамгийн том баяруудын нэг юм. Ким Жөн Ун энэ өдөр өвөөгийнхөө бунханд хүндэтгэл үзүүлдэг. Тэрбээр 2011 оны сүүлээс төрийн эрхийг барьж эхэлснээсээ хойш энэ арга хэмжээг нэг ч удаа алгасаж байгаагүй.

БНАСАУ-аас дүрвэгчдийн хөтөлдөг цахим хуудсанд Ким Жөн Уныг өвдсөн талаар мэдээлэл гарснаас хойш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлж эхэлсэн байна.

“Ким Жөн Ун өнгөрсөн наймдугаар сараас хойш зүрх судасны өвчний улмаас шаналж байсан боловч Пекту ууланд олон удаа гарсны дараа өвчин нь улам сэдэрсэн” гэж нэрээ нууцалсан их сурвалжаас “Daily NK” цахим хуудсанд мэдээлжээ.

Үүний дараа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ийм мэдээ гарах болж, мэдээллийн агентлагууд энэ талаар нэн даруй мэдээлж эхэлсэн. Түүнчлэн Ким Жөн Ун зүрхний мэс засалд орсны дараа биеийн байдал нь хүнд байна гэж АНУ-ын хэвлэлээр мэдээлснээс хойш улам дуулиантай болсон билээ.

АНУ-ын төлөөлөгчид Ким Жөн Уныг ойрын үед “хараагүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дөрөвдүгээр сарын 29-нд мэдээлсэн нь цуурхлыг улам даамжруулсан байна. Гэсэн хэдий ч БНСУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Тагнуулын газрын эх сурвалжуудын мэдэгдэл уг мэдээллийг няцааж байсан юм.

Ким Жөн Ун өмнө нь алга болж байсан уу?

Тиймээ. Ким Жөн Ун 2014 оны есдүгээр сард 40 хоногийн турш олны өмнө харагдаагүй бөгөөд тэрбээр аравдугаар сарын дундуур таягтай гарч ирсэн юм.

Тухайн үед БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хаана байсан талаар тайлбар хийгээгүй. Харин түүнийг уйланхайны улмаас зүүн шагайндаа мэс засал хийлгэсэн байж магадгүй гэж БНСУ-ын Тагнуулын агентлаг мэдээлжээ.


URL: