Тавдугаар сарын улс төр

326

УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ.  Тэгэхээр хаврын өдрүүд  яалт үгүй сонгуулиар амьсгална.  Өнгөрсөн долоо хоногт  СЕХ-ноос улс төрийн намуудад  батламжийг нь гардуулсан бол энэ сарын 10-наас намууд нэр дэвшигчээ танилцуулах учиртай. Түүнчлэн 208 бие даагчаас хэн нь нэр дэвших болзлоо хангах  вэ гэдэг нь тодорхой болж, 2020 оны  сонгуулийн өрсөлдөөн албан ёсоор эхэлнэ.    Мөн тавдугаар сарын 25-наас 19 жилийн дараа хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ.  Г.Занданшатарын удирдсан парламент төгсөлтөөсөө өмнө “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдэг шиг Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг батална гэсэн.  Тиймээс цахим парламент энэ сард нэлээд ачаалалтай хуралдаж, холбогдох хуулиудыг батлах болов уу. Энэ мэтчилэн тавдугаар сард улс төрд ямар үйл явдлууд өрнөх талаар тоймлон хүргэе.

Сонгууль хойшлох уу…
Төрийн тэргүүн халдварт өвчний улмаас УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсөв хэмнэх санал гаргасан.   Энэ нь улс төрийн хүрээнд сонгууль хугацаандаа болох уу,  хойшлох уу гэсэн хүлээлтийг үүсгэсэн байдаг.  Ерөнхийлөгч дахиад сонгууль болоход 470 тэрбум төгрөг гарна.  Энэ нь коронавирусын үед хэрэглэж байгаа төсвөөс хэд дахин их тоо, төсвөө хэмнэе гэдгийг хэллээ.
Харин эрх баригч намын дарга сонгууль хойшлуулах нөхцөл байдаг үүсээгүй хэмээн гүрийсээр байна. Тэрээр БНСУ сонгуулиа амжилттай зохион байгуулсан тэр жишгээр явна гэж мэдэгдсэн билээ. Мөн СЕХ-ноос БНСУ-ын туршлагыг судалж буйгаа ч илэрхийлээд байна. Дөрөвдүгээр сарын гол сэдэв нь сонгуулийн хугацааг хойшлуулах эсэх асуудал байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүйгээр тавдугаар сартай золголоо.  Тэгэхээр ойрын өдрүүдэд ч энэ асуудал яригдана.
Нэр дэвшигчид тодорно
УИХ-аас сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-нд байхаар товлов.  Улс төрийн намуудаас зарим нэр дэвшигч болон бие даагчид тодроод байна. Энэ удаа түүхэнд анх удаа хамгийн олон бие даагч нэр дэвшсэн сонгууль  болох нь.   Хамгийн олон бие даагч гишүүнтэй парламент ч бүрэлдэж магадгүй байна.  ҮАБ-т 208 хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ бол том тоо.
Бараг гурван парламентыг бүрдүүлэх хэмжээний бие даагчдын арми сонгуульд оролцоно гэсэн үг. Гэхдээ бие даагч гэхээсээ илүү намдаа, даргадаа, эрх баригчдад, бүлэглэлд, бүүр больё гэр бүлдээ гомдогсод хүртэл  бие даагчдын армид нэгджээ.
Тэд олонх нь харагдана.  Тухайлбал,  Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг,  Хотын дарга асан Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа,  Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв,  Байгаль, орчны сайд асан Л.Гансүх гээд АН-д гомдогсод олонх байна.  МАН-аас УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга,  НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун,  хуульч Б.Гүнбилэг нар байгаа юм. Энэ сард ҮАБ-аас бие даагчдын мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг ирэх сарын 21-нд гаргах бөгөөд дахин бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлж, улмаар эцсийн байдлаар хэн хэн нэр дэвших нь тодорхой болох билээ.
Төрийн ордонд учир битүүлгээр хүний амь эрсдээд нэг жил болов
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн жилийн тавдугаар сарын 17-нд Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлэг байдлаар унаж  амиа алдсан. Дээрх хэргийг  Цагдаагийн ерөнхий газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.  Хэрэгтэй холбоотойгоор  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019 оны тавдугаар сарын 19, 30 зургадугаар сарын 18-нд гэрчийн мэдүүлэг өгсөн, хэвлэл мэдээлэлд ч хандсан.  Энэ асуудлаар хуулийн байгууллагаас түүнийг шалгаж, улмаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэл болсон байдаг.  Үүнээс цааш Г.Батхүү агсны хэргийг шалгах үйл ажиллагаа явж,олон нийтэд мэдээлэгдсэнгүй.  Учиг тайлагдсангүй нэг жилийн хугацаа өнгөрч байна.
Ноолуур тойрсон улс төр
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх малчдыг ноолуурын үнээр дэмжинэ гэж мэдэгдэв.  Ингэхдээ ноолуур худалдан авах  ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална гэв.  Үүнийг 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж гэж тооцоолсон гэдгээ Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Засгийн газрын тэргүүний үгэнд итгэсэн малчид ноолуураа 100 мянган төгрөгөөр худалдана гэж хүлээгээд нэг сар гаруйн хугацаа өнгөрөв. Энэ шийдвэр малчны хотонд хэрэгжсэнгүй.  Бүүр сүүлдээ тоглоом, шоглоом болоод, дуусах төлөвтэй болчихлоо.  Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулган дээр  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын үнэ 100 мянга хүрнэ гэдэг нь үлгэр байсныг батлав.  Тэрээр Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон гэлээ. Ч.Улаан сайдын хариулт ёстой л олны нүдийг орой дээр гаргав.  “Архангайн ноолуур хэзээ 100 мянга хүрч байлаа.  Бид 85 мянгаар л авна” гээд загнах янзтай мэдэгдэж байна.  Тэрээр Ерөнхий сайдын гуравдугаар сарын 27-нд хийсэн  мэдэгдэл, өөрийнхөө 2-3 удаа мэдээлэл хийж, ноолуурыг 105 мянгаар худалдан авна гэж хэлж байснаа ийм амархан мартчихдаг юм байх даа.  Түүнчлэн ноолуурын үнэтэй холбоотой улс төр үргэлжилж малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг ч зарим гишүүд санаачлаад байна. Тэгэхээр  энэ сард ноолуурын үнэ ханш тойрсон улс төр үргэлжлэнэ.
Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болно
Үндсэн хуулийн өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч уг хуулийн эхийг ёсчилсон байдаг.  Үүнээс маргаан дагуулаад байгаа  нэг заалт нь давхар дээлийн асуудал юм.  Тухайлбал, одоогийн Засгийн газар бараг бүгд давхар дээлтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.  Үндсэн хуульд  дөрвөн сайд давхар дээлтэй байна гээд заачихсан.  Тэгэхээр тавдугаар сарын 25-наас Засгийн газрын шинээр эмхлэн байгуулах уу гэдэг асуудал одоо ч хуульчдын дунд маргаан дагуулсан хэвээр байна. 1992 онд баталсан Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд чуулганы хуралдаанаар баталснаар 19 зүйл, 30 гаруй хэсэгт нь өөрчлөлт орсон билээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: