Н.Алтанхуяг Эрдэнэтэд бие даан нэр дэвшинэ

324

Монгол Улсын Ерөнхий Сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг  2018 оны сүүлээс эхлэн Ардчилсан Намын удирдлагуудтай түнжин хагарсан билээ.

Улмаар тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа хүсэлтээрээ өгч, АН-ын Үндсэн дүрмийн хорооны Сонгинохайрхан дүүргийн салбар хороо бас түүнийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хассан юм.
Гэвч Н.Алтанхуяг энэ хавар хүртэл АН-ын удирдлагууд болох С.Эрдэнэ, З.Энхболд нартай ойлголцохыг эрмэлзсэн боловч намаасаа УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж чадахгүй нь тодорхой болсон.
Тодруулбал тэрээр:  “Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо.” хэмээн мэдэгдсэн төдийгүй Үндэсний Аудитын Газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлсэн билээ.
Нэгэнт мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүлсэн тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихэд нь шаардлагатай гарын үсгийг цуглуулахаар Орхон аймаг буюу Эрдэнэт хотод ажиллаж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг Орхон аймагт бие даан нэр дэвших нь тодорхой болсон гэсэн үг.
Өнгөрсөн 4 жил орчим үндсэндээ Ц.Элбэгдорж, “Шударга бусын хонгил”, “Эрдэнэт”-ийн 49 хувь гэсэн сэдвээр дагнан маш их ярьсан тул Эрдэнэтчүүд түүнийг дэмжинэ хэмээн тэрээр тооцсон бололтой.
Э.Мягмар

URL: