Цар тахлын үед сонгуулиа хийсэн БНСУ-ын туршлагаас манай улс хуваалцахаар боллоо
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Квон Сүн-Илд Үндэсний ассамблейн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, захидал илгээжээ.
Ингэхдээ коронавирусийн үед сонгууль зохион байгуулсан туршлагаасаа хуваалцах хүсэлтийг хүргүүлсэн байна. Түүний захидалд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Квон Сүн-Ил хариу захидал ирүүлжээ.
Уг захидалдаа “Дэлхий даяар Ковид-19 цар тахлаас үүдсэн хүнд бэрх цаг үетэй нүүр тулаад хэдийн хоёр сар гаруй болжээ. БНСУ энэхүү хүнд нөхцөл байдалд сонгуулиа зохион байгууллаа.
Үндэсний сонгуулийн комисс ариутгалыг аль болох хангалттай хийх нь хамгийн сайн сонгуулийн менежмент гэдэг итгэлтэйгээр сонгогчдыг аюулгүй байдалдаа санаа зоволгүйгээр сонгуульдаа оролцох боломжоор хангахад ихээхэн анхаарч бэлтгэл ажлаа зохион байгуулж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан.
Сонгуульд оролцогч бүх талууд тухайлбал, манай хамт олон, санал авах байр болон санал тооллогын байрны ажилтнууд, ажиглагчид, мэдээж сонгогчдын идэвхтэй оролцооны ачаар бид сонгуулиа амжилттай зохион байгууллаа.
Ковид-19 цар тахлын үед сонгуулийн үйл ажиллагаагаа хэрхэн аюулгүй зохион байгуулах талаар олон орон санаа зовниж байгаа гэж бодож байна.
Тиймээс бид сонгуулийн үеэр Ковид-19-ийн эсрэг баримталсан бодлого, чиглэлийнхээ талаар болон өөрсдийн цахим хуудсаар түгээсэн сонгуулийн үйл явцад сонгуульд оролцогчид хэрхэн оролцохыг харуулсан бичлэгийг англи хэлнээ хөрвүүлж, ойрын хугацаанд сонгуулийн удирдлагын байгууллагуудтай хуваалцах болно.
Бидний туршлага бусад орны сонгуулийн удирдлагын байгууллагад багахан ч гэсэн тус нэмэр болох аваас бид урамтай байх болно” гэжээ.
URL: