Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг зургадугаар сард зарлана
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг зургадугаар сард зарлана гэдгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ мэдээлж буй. Тухайлбал, өнгөрөгч намрын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ удаагийн гол өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй болсон билээ. Мөн шинэ хуулийн зохицуулалтаар сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ сонгуулийн өмнө АТГ-д мэдүүлдэг байхаар зохицуулсан. Энэ хүрээнд нэр дэвшигчидийн ХОМ-ийг ирэх зургадугаар сард олон нийтэд зарлах юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн байдлыг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2020 оны тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх “УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 17-19 хүртэл АТГ-ын цахим хаягаар нэвтэрч, ХОМ-ээ мэдүүлнэ гэж заасан. Үүнээс өмнө нам, эвсэл, бие даагчид Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох мэдээллээ хүргүүлэх ёстой. ХОМ-ээ байршуулахаас өмнө нэр дэвшигч албан ёсны и-мэйл хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллээ манайд ирүүлнэ. Ингээд бид цахим системд эрх үүсгэж, баталгаажуулах эрхийг олгож мэйл хаягаар нь нууц код явуулна.
Тавдугаар сарын 19-ны 00:00 цаг хүртэл ХОМ-ийг нь хүлээж аваад, тавдугаар сарын 20-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нэгтгэсэн жагсаалтыг бид өгөх юм.
Тойрог бүрээс хэдэн нэр дэвшигч ХОМ-ээ өгсөн, цахим системд хэдэн хүн мэдээллээ бүртгүүлсэн зэрэг лавлагаа гаргана. Бидний өгсөн лавлагааг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн нэр дэвшигчээ албан ёсоор бүртгэх юм. Үүнээс хойш бид хуулийн дагуу зургадугаар сарын 2-нд цахим системээс хөрвүүлэлт хийж, бүх нэр дэвшигчийн ХОМ-ийн хураангуйг олон нийтэд мэдээлнэ” гэдгийг онцлов.
URL: