Улаан галтай тэмцэж буй аврагчдаа ДАРАМТАЛСАН дарга В.Батсайхан
Арцатын аманд гарсан гал түймрийг унтраахад сайн дураар оролцсон 200 гаруй залуусын төлөөлөл Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайханыг алба хаагч нараа бүдүүлэг үгээр харааж дарамталсан, заналхийлсэн, тухайн газар ажиллаж байсан энгийн иргэдтэй зүй бусаар харилцаж, доромжилсон асуудлаар ОБЕГ болон Хан-Уул дүүргийн удирдлагад хаяглан гомдол хүргүүлжээ. Энэ талаар Зайсангийн аман дахь барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа 200 гаруй залуусын төлөөлөл дараах гомдлыг гаргажээ.
Тухайн үед Арцатын аманд гарсан түймрийг унтраахаар дүүргийн Онцгой байдлын албаны алба хаагчид, сайн дурын залуус гээд нийт 350 орчим хүн ажилласан байна.
Залуус Арцатын аманд гарсан гал түймрийг гавьяа шагнал, алдар нэрийн төлөө бус нүдэн дээр шатаж буй байгаль эх орноо гэсэн сэтгэлээр онцгой байдлын алба хаагчдынхаа ажилд нэмэр болох зорилготой очиж ажилласан.
Харин энэ үеэр гал түймэртэй улаан гараараа тулж буй алба хаагчдыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан хараалын муу үгээр дайрч доромжлон, сэтгэлзүйн дарамт үзүүлж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна.
Товчхондоо, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайханд төрийн албан хаагчийн ёс зүй болоод удирдах албан тушаалтны үлгэрлэх арга барил байхгүйгээс гадна үүссэн онцгой нөхцөл байдалд оролцолгүй гараа халаасандаа хийчихээд онцгой байдлын алба хаагчдаа дарамталж байсан аж.
Энэ үйлдэлдээ В.Батсайхан дарга харамсах нь бүү хэл гомдол гаргасан залуусын компанийн удирдлагууд руу хандан “гомдолгүй” гэх бичиг гаргаж авахуулахаар хөөцөлдөж байгаа гэнэ.
Тиймээс өөрсдийн бие сэтгэлээр онцгой байдлын гал сөнөөгч нарын ажлыг мэдэрсний хувьд, хүнд хүчир ажлын хажуугаар удирдах албан тушаалтны бусармаг, ёсзүйгүй удирдлагын дор бүү ажиллаасай гэсэндээ бидний санал, шүүмжлэлд бодитой хандаж зохих арга хэмжээ авч өгөхийг хүссэн гэдгээ онцолжээ.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 4 дүгээр сарын 23-наас 4 дүгээр сарын 27-ны хооронд л гэхэд шар өвс шатсанаас үүдэлтэй ой хээрийн гал түймрийн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Ийм хүнд нөхцөлд ажиллаж буй алба хаагчдад бие болоод сэтгэлзүйн дарамт үзүүлж, наад захын ёсзүйгүй авир гаргадаг В.Батсайхан гэгчид ямар хариуцлага тооцохыг бид нэхэн сурвалжлах болно.
Т.Хэрлэн
Эх Сурвалж: Zuv.mn
URL: