Дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах боломжтой

11274

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд 60 сая дахь тонн нүүрс олборлож, 1 тэрбум ам.долларын борлуулалттай, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ сарын 24-ний өдөр болж ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулсан. Ингэхдээ  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр тооцож олгоно гэсэн юм. Ногдол ашгийг 2020 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс олгох ажлыг зохион байгуулна.

Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын 1-нээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн талаар тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа мэдээлэл өглөө.


URL: