Д.Мөнхсайхан: Иргэд тамхиа унтраалгүй хаяснаас үүдэж гал гарах тохиолдол ихэсч байна

220

Хаврын хуурайшилт ихтэй цаг үед ой хээрийн болон объектын гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Он гарснаас хойш нийслэлийн ногоон бүсэд, суурьшлын зуслангийн бүсүүдэд 218 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Мөн дөрвөн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Иймд өнжмөл шар өвс болон гал түймрийн эрсдэлтэй бүсэд хэрхэн урьдчилан сэргийлэн ажиллах талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Мөнхсайханаас тодрууллаа.

-Сүүлийн үед бүртгэгдсэн түймэр хэчнээн хэмжээний талбайг хамарсан бэ?

-Иргэдэд мэдээлэл хүргэж байгаа ч амралтын өдрүүдээр гал түймэр гарах, өнжмөл өвсөө шатаах асуудал гарсаар байна. Зөвхөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 122 удаа гал гарсан. Гэхдээ энэ нь шар өвс шатсан, ногоон ой хээрийн бүсэд гарсныг нийлүүлж тооцоод шүү дээ. Үүнээс болж 105.5 га талбай галд өртсөн байна. Тухайлбал, Хан-уул дүүргийн Жаргалантын аманд 3, Соёмботой ууланд 4.5, Зайсанд 2.5, Арцатын аманд 8 га газарт ой хээрийн гал түймрийн болон хөрсний шар өвс шатсан дуудлага ирсэн. Сүхбаатар дүүрэгт Өвөрсогоотод 6, Сэлхийн аманд 8 га газарт гал гарсан байна. Харин Баянзүрх дүүргийн Гачууртын шар хоолойн аманд 5 га, Сүүл даваанд 6.5 га газарт гал гарсан зэрэг дуудлага бүртгэгджээ. Өнөөдрийн  байдлаар Зайсангийн аманд болон Арцатын аманд гарсан түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

-Гал гарсан газруудад шалтгаан, нөхцөл нь тодорхой болсон уу?

-Түймэр нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Гуравдугаар сарын 26-наас зургадугаар сарын 20 хүртэл ногоон бүсэд зорчихийг хориглосон шийдвэр гарсан.  Мөн шат шатны холбогдох байгууллагуудын захирамж гарч, хязгаарлалтыг хийсэн ч иргэд явганаар болон авто машинаар ногоон бүсэд хууль бусаар зорчих нь их байна. Ийнхүү зорчих үедээ ил гал алдсанаас үүдэн түймэр гарах нөхцөл бүрдэж байна. Сүүлийн жишээ л гэхэд, Жаргалантын аманд хүүхдүүд амарч явахдаа тамхиа дутуу унтрааж хаяснаас, Арцатын аманд хувцас, эд зүйлсээ шатаах зуур гал алдсанаас томоохон хэмжээний түймэр гарсан.  Ер нь дийлэнх шалтгаан нь ил гал буюу тамхинаас үүдэн гарсан байгаа.

-Гал алдсан этгээдэд ямар хариуцлага тооцож ажиллаж байна вэ?

-Энэ жилийн хувьд  шалтгааныг олж тогтоох, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх тал дээр онцгой анхааран ажиллаж байгаа. Үүний хүрээнд НОБГ-ын эрх бүхий албан тушаалтнууд 17 галын хэрэгт 1.1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, шийдвэрлэн ажиллажээ. Дүүргүүдийн гал түймрийн хяналтын байцаагч нар өөрсдийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн дуудлагад торгуулийн арга хэмжээг авч ажилласан байна. Мөн Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас 13 иргэнд 1.3 сая төгрөгийн  торгуулийн оногдуулсан. Дээр дурдсанчлан томоохон гал гарсан цэгүүдэд холбогдогч этгээдэд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-НОБГ-т ирсэн дуудлага мэдээллийн дагуу очиж гал түймрийг унтраахад хүн хүч болон техник хэрэгслийн хангамж хүрэлцээ хэр байдаг вэ?

-Ой хээрийн бүсэд ажиллах машин, техник хангамжийн хүч дутагдалтай. Харин объектын түймэрт ажиллах машин, техник, хүн хүчний хувьд боломжийн хүрэлцээтэй байдаг. Гэхдээ ой хээрийн томоохон түймэр гарсан тохиолдолд газар орны байршлаас шалтгаалаад объектын гал түймэрт ажиллах хүн хүчээ дайчлан гал унтраах үйл ажиллагааг явуулж байгаа. Ой хээрийн түймэр унтраах үндсэн зориулалт бүхий жижиг болон том оврын машинуудаа бүрэн ашигладаг. Уулын оройд автомашин очих боломжгүй газруудад гараар ус зөөж, галаа унтраах байдлаар ажилладаг. Ийм төрлийн гал түймэрт иргэдийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь сайшаалтай санагдсан. Саяхан гарсан Соёмбот уул болон Арцатын аманд гарсан түймэрт иргэд санаачилгаар ирж, ус зөөж тусалсан.

-Улсаас онцгой байдлын албаны техник, хангамжийг нэмэгдүүлэхэд хэр их  туслалцаа үзүүлдэг вэ?

-Онцгой байдлын албаны материаллаг баазыг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийг багаж хэрэгслээр хангах талаар улсаас сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч байгаа. Польш улсын төслөөр 10 гаруй автомашин орж ирсэн. Удахгүй Беларусийн төслөөр 70 гаруй машин орж ирэхээр байгаа. Өмнө нь Австри, Солонгос, ОХУ зэрэг газраас цөөн тооны машин орж ирж байсан.  Манай байгууллага дээр удахгүй Франц улсын төслөөр гал унтраагч машин болон нисэх онгоцтой болох төслийг хэлэлцэж байгаа.

-НОБГ-ын зүгээс олон нийтийг гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна вэ?

-Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хөдөлгөөнт эргүүл болон гал унтраах ангиудын бэлтгэл ээлжийг уулын амнуудад хуваарилан байршуулж, гал гарсан тохиолдолд газар авахуулахгүйгээр унтраах арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн бүх дүүргүүдэд онцгой байдал, тээврийн цагдаагийн алба, нийслэлийн цагдаагийн газар, байгаль орчны газар зэрэг байгууллагууд дөрвөн байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүлүүд дүүрэг бүрт хяналт шалгалт хийгээд явж байна. Мөн иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, анхааруулгыг байнга хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хэрэгслээр дамжуулан хүргэж байгаа.

-Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, гал түймрийн дуудлага мэдээлэл ямар үзүүлэлттэй байгаа вэ?

-Нийт дуудлага мэдээллийн тоо 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, өнжмөл шар өвсний болон ногоон бүсэд гарсан дуудлага 10 гаруй хувиар буурсан.

 -Одоогоор гарсан томоохон гал түймрийн хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Хохирлын хэмжээг одоогоор гүйцэд тогтоогоогүй байна. Тухайн гал түймэр гарсан дүүргийн засаг даргын захирамжаар холбогдох байгууллагуудаас эрх бүхий албан тушаалтнуудын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдсаны дүнд хохирлын хэмжээг тогтоох ажиллагааг явуулдаг. Ялангуяа ногоон бүсэд гарсан экологийн хохирлыг тогтооход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагддаг.

-Өнжмөл өвсийг шатаахаас илүүтэй өөр байдлаар цэвэрлэх ямар арга байдаг вэ?

-Өнжмөл өвсийг өөрсдөө цэвэрлэж болно. Ингэхдээ ил гал гаргахгүй байх нь л чухал. Намартаа цэвэрлэх ёстой байдаг. Эрсдэлтэй ногоон бүсэд суурьшсан тохиолдолд ил гал гаргаж, өнжмөл өвсөө шатаах нь буруу. Өнжмөл өвсний гал салхины хурдаар тархдаг тул иргэд ил гал гаргаж өвсөө шатаахгүй байх хэрэгтэй.

-Хөл хорионы үед айл өрхүүд зуслан руугаа ихээр гарч байна. Иймд ард иргэддээ юуг анхааруулах вэ?

-Хуурайшилт ихтэй байгаа энэ үед зуслангийн бүсэд ил гал гаргахаас зайлсхийж, өөрийн эд хөрөнгө, санхүүгээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал болохыг иргэддээ анхааруулж хэлмээр байна.

Ц.Янжиндулам

 


URL: