“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нэр дэвшихийн тулд гадаад дахь монголчуудыг хөсөр хаях уу
Улсын онцгой комиссоос хөл хориог сунгасан нь гадаадад яваа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдод хүндхэн тусч байгаа. Тиймээс ч ямар ч хамаагүй аргаар товлосон хугацаанаас өмнө ирэхээр улайрч байна.
Тэдний нэг нь “Ажнай”-н гэгддэг Д.Бат-Эрдэнэ. Мань хүн гэр бүлийн гишүүдтэйгээ АНУ-д Хвайн аралд амарч байгаад өдгөө БНСУ-д гацсан. Тэрбээр өмнө нь ойрын нэг гэр бүлийн хамт буюу нийт 10-уулаа БНСУ-аас ирсэн чартер нислэгт багтахын тулд багагүй үймээн тарьсан байдаг. Тухайн үед чартер нислэгийнхэнийг жагсаалтаар оруулах ажлыг гардан хийж байсан төрийн албаныхан Д.Бат-Эрдэнийн гэр бүлийнхнийг үлдээж, нөгөө гэр бүлийг бол багтаан, эх оронд нь авч ирсэн.
Хүний нутагт гацсан монголчуудаа авч ирэхийн тулд шууд нислэгтэй орнууд руу чартер илгээж буй. Маргааш, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд БНСУ руу чартер нислэг илгээнэ. Эхнийхэд нь тус улсад өөр орнуудаас дамжин ирэгсэд буюу транзит нислэгийн зорчигчдийг авахаар төлөвлөөд байгаа.
Гэхдээ Д.Бат-Эрдэнэ эхлээд БНСУ руу хоёр чартер ирэх, түүнд транзит нислэгийн зорчигдийг тээвэрлэнэ гэдэг шийдвэр гарахаас өмнө буцаж ирэхээр бүртгэлээ хийлгэсэн бололтой. Энэ тухай нь Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Хүний нутагт эмчилгээ хийлгэх, хар ажил хийж амьдралаа өөд нь татах гэсэн монголчууд, Хавайн аралд амарч байгаад буцаж буй “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн амьдрал, амьжиргаа хэтэрхий зөрүүтэй гэдгийг хэнбугай ч мэднэ. Хөл хорионд орсон элэг нэгтнүүд нь орогнох байр, идэх хоолны мөнгөгүй болоод буцахын хүсч байхад эрхэм гишүүн асан бол аль ч зочид буудалд нь тухлаад өөрсдийгөө тусгаарлаад байх боломж дүүрэн бий. Тийм байтал дахиад хүний нутагт ганц хоноход ч бэрх болсон иргэдийнхээ эрхийг уландаа гишгэн УИХ-ын сонгуульд оролцохын тулд чартер нислэгт багтахаар улайрч байгаа нь дэндүү эмгэнэлтэй биш гэж үү.
Тэр өмнө нь бусад оронд нислэгт багтаагүй хүмүүсийг багтаан тус болсон тухайн нь цахим орчинд бичигдэн үлдсэн нь бий. Гэхдээ “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ өөрийгөө хаана ч хаан шиг аашилж, хамаг бүхнийг зохицуулж чадна гэж эрддэг хүн юм гэдгийг нь батлах мэт ажээ. Тодруулбал “Өнгөрсөн 2-р сарын 25-наас 3-р сарын 13-ны өдрүүдэд Йордон улсад зохион байгуулагдсан Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцоод буцах замдаа манай багийн 22 хүн Турк улсын Истанбул хотод саатан 7 хонож Монголдоо ирж чадах уу үгүй юу гэдэг нь хэдхэн цагаар хэмжигдэж байхад Ерөнхийлөгч маань маш эрчимтэй арга хэмжээ авч ганц өдрийн дотор бидний бүх асуудлыг зохицуулан Эх оронд минь авчирсан юм. Гэтэл энэ хүн маань өнөөдөр өөрөө эхнэр 4-10 насны 4 хүүхдийн хамт Солонгос улсад 3-р сарын 10-наас хойш Эх орондоо ирэх гээд чадахгүй байж байна. Энэ өнгөрсөн 40 хоногт Сөүл-Улаанбаатар чиглэлд манай улс 2 удаа чартер нислэг хийж авчирсан иргэдийн ангилалд (Бага насны хүүхэд, жирэмсэн, өвчтэй, өндөр настан гэх мэт) бага насны 4 хүүхэдтэй гэдгээрээ багтаж байсан ч бусдадаа боломж олгон дараагийн нислэгийг хүлээхээр шийдэн үлдсэн билээ. Гэтэл 3 дахь нислэг буюу 4-р сарын 30-ны нислэгт бүртгэхгүй байна гэсэн мэдээлэл авлаа.” хэмээн бичсэн байгаагаас нь илэрхий ойлгогдох биз ээ.
Үнэхээр л тэр бүхнийг өөрийн хүслээр, зоргоор байлгахын тулд өмнөх чартер нислэгт багтахын тулд ихээхэн чармайж түрэмгийлсэн. Харин энэ удаа яах бол… Өмнөх нислэгт багтаагүй хэмээн түрэмгийлэх болов уу, өндөр настай, өвчин зовлонтой хүмүүсийн өмнүүр дайрах болов уу.
Erennews.mn
URL: