Оффшорчид 18 их наяд ам.доллар татвараас бултуулдаг
Офф шор буюу татваргүй статустай хуулийн этгээдүүд 18 триллион ам.долларын орлого олдог гэсэн тооцоог Oxfam хэмээх сайн дурын байгууллага гаргажээ. Энэ их хөрөнгөний 2/3 нь Европт, үлдсэн 1/3 нь Их Британид ногдож байгаа гэж тэд үзсэн байна. Татвараас бултагсад ингэж татваргүй бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулснаар улсынхаа төсөвт 156 тэрбум ам.долларын хохирол учруулдаг ажээ. АНУ-ын ДНБ 20 орчим их наяд ам.доллар, дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ-ын жилийн төсөв 1 227 600 000 ам.доллар /2010/ байдаг. Тиймээс энэхүү судалгаа офф шор байгууллагын зүг хийсэн бас нэгэн том цохилт болж байна. Өөр байгууллагууд ч гэсэн ийм төрлийн судалгааг олонтаа хийж байсан юм.
Credit Suisse Global Wealth Databook-д “Офф шор хуулийн этгээдийн эзэмшилд дэлхий даяар нийтдээ 94.7 триллион ам.долларын үл хөдлөх хөрөнгө байна” гэсэн дүгнэлт гаргаж байсныг Oxfam эх сурвалж болгон ашигласан байна.
Эдийн засаг нь гүнзгий хямарч байгаатай холбогдуулан хөгшин тивийн удирдагчид сүүлийн үед “татвараас бултагчидтай” ширүүн тэмцэл өрнүүлэхээр завдаж байна. Татваргүй бүсэд нуусан хөрөнгийг илрүүлж, буцаан татаж чадвал хямралыг давахад нэмэртэй учир ийнхүү мөнгө олохоор зүтгэж байгаа юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо энэ талаар гурван жил гаруй хугацаанд цуглуулсан баримтаа саяхан дэлгэсэн нь чухамхүү энэ бодлоготой холбоотой бололтой. Европын холбоо нэгэнт ийм бодлого бариад эхэлсэн болохоор татваргүй байгууллагуудыг бүртгэдэг, үйлчлүүлэгчийнхээ хөрөнгийг нууцалдаг улсууд нүд үзүүрлэгдэж эхлээд байгаа юм байна. Тухайлбал Швейцарь, Люксембург, Австрийг хатуухан шүүмжилж байгаа юм.
URL: