Ким Жөн Ун хорио цээрийн арга хэмжээний улмаас олны өмнө гарахгүй байгаа гэж үзэж байна
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч сүүлийн үед олны өмнө гарахгүй байгаагийн шалтгаан нь өвчин биш харин коронавирустэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээ байж болох юм гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд Ким Ён Чоль парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.
“Ким Жөн Ун төрийн эрхэнд гарснаасаа хойш Умард Солонгосын анхны Ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний ойг тохиолдуулан зохион байгуулдаг ёслолын ажиллагааг үнэхээр нэг ч удаа алгасаж байгаагүй. Гэсэн хэдий ч коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хүлээн авалт гэх зэрэг олон арга хэмжээг цуцалсан билээ” гэж тэрбээр хэлсэн байна.
Өмнө нь БНАСАУ-ын удирдагч 20 эсвэл түүнээс дээш хоног хоёр ч удаа олны өмнө гараагүй болохыг Өмнөд Солонгосын сайд сануулсан байна. “Дэлхий даяар короанвирусний халдвар тархсаныг харгалзан үзвэл одоогийн нөхцөл байдлыг энгийн бус гэж би бодохгүй байна” гэж Ким Ён Чоль нэмж дурджээ.
БНАСАУ-ын удирдагч дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалан явуулснаас хойш олны өмнө гараагүй юм. Тодруулбал, Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 12-нд болсон Ардын их хурлын жил тутмын ээлжит чуулганд, мөн өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-нд жил бүр болдог ёслолын ажиллагаанд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа оролцоогүй. Үндэсний гол баярын үеэр улс орны удирдагчдын эгнээнд Ким Жөн Ун байхгүй байсан нь түүнийг өвдсөн байж магадгүй гэх цуурхал гарах шалтгаан болсон бөгөөд одоогоор БНАСАУ-ын албаны хүмүүс болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ямар ч тайлбар хийгээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: