Энэ жилийн ЖДҮ хөгжүүлэх зээл хэнд очих бол
Коронавирус “Covid-19”-ийн халдвар дэлхий нийтийг хамарч бүр цар тахлын хэмжээнд тархаад, улс орнууд хилээ хааж хөл хорио тогтоогоод байгаа нь улс орнууд ялангуяа хэрэглээнийхээ бараг 90 хувийг импортоор хангаж өөрсдөө зөвхөн хэрэглэгч төдийгөөр гар хумхин суудаг манай орныг өөрсдөө үйлдвэрлэгч болохыг өдөр ирэх тутам ойлгуулсаар байна. Манай иргэд хүнс бараа гээд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийсдийнхөө болон, ажиллагсадынхаа амьдралыг аваад явчхаар төрөл бүрийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр оролддог ч төр засгаас тодорхой дэмжихгүй явсаар ирсэн. Уг нь УИХ, Засгийн газраас баталсан, Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, Тариалан эрхлэлтийг дэмжих гээд олон сан байдаг ч тэдгээрээс олгодог зээл нь жинхэнэ үйлдвэрлэгчдэдээ хүрэх нь тун бага.
Өнгөрсөн онд гэхэд л Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд бүгд хуваан авч, өөрийн харьяа хамааралтай гишүүддээ өгөн, зарим нь бүр Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан өндөр хүүтэйгээр ард иргэдэд зээлүүлэн мөнгө хүүлсэн.
Юутай ч ард түмэнд, жинхэнэ үйлдвэрлэгчдэд очих ёстой хөнгөлөлттэй зээлийг амин хувьдаа завшсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тэдний хамсаатнууд 2019 оны туршид хэвлэлээр балбуулж, ард түмнээр чичлүүлснийхээ үрээр энэ жил Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг ил тод болгож энэ дөрөвдүгээр сарын 20-оос эхлэн зээл хүссэн төсөл, материалыг авахаа зарлажээ. Гэхдээ цагаа болоход жижиг дунд үйлдвэр эрхлэгч нь У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг нарын УИХ-ын гишүүд болчихсон байхыг бас үгүйсгэхгүй. Нөгөө нэг зүйл нь ийм хөнгөлөлттэй зээл авагчдаар голдуу эрх браигч намын гишүүд тодордог нэг гэм бий.
Уг нь бол Засгийн газар энэ зээлийн ач холбогдлыг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ” гэсэн байна.
Тэгээд ч энэ жилийн зээлийг “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулсан” хэмээн онцолжээ.
Манай ХХААХҮЯ-ны 60 тэрбумаар цуглуулсан албан тушаалтнууд нухаж нухаж жил дундаа орж байхад сая зарлаж байгаа энэ зээлийг авахаар төсөл ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах, хүссэн зээлийг нь олгох гэсээр байтал энэ 2020 он бараг дуусах нь тодорхой байна. УИХ-ын сонгуулийн жил болохоор энэ МАН-ын төр зориуд ингэж байж ч мэдэх.
Энэ 2020 онд Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл.
Монгол Улсын Засгийн газар харин 2018, 2019 оны Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнөгөлөлттэй зээлийг хэдэн аж ахуйн нэгжид өгч, тухайн аж ахуйн нэгж, иргэд нь ямар ажил эхлүүлж, юу хийж ямар үр дүнд хүрсэн зэргийн тухайд таг дуугүй өнгөрчээ.
ЭХ СУРВАЛЖ: “АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН
URL: