УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах бололтой

674

АТГ-т шалгагдаж буй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас удаа дараа гаргасан ч УИХ дээр тэднийг хамгаалж үлдээд буй. Гэтэл гишүүд нь бүрэн эрхээрээ түрий барьж, байцаалт мэдүүлгээ өгөлгүй зугтаж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсаар байгаа аж. Тиймээс АТГ-аас дахин нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, АТГ-т эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд ЖДҮХС-с зээл олгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэргээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргах бололтой.

Түүнийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.1.3-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл заалтад, 1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Б.Аз

Zaluucom.mn


URL: