Далай лам: Вирусийн заналхийлэл арилах болно, хүн төрөлхтөн энэрэл нигүүлслээр даван гарна

673

“Time” сэтгүүл цар тахлын улмаас хүмүүсийн амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдөж, дэлхийн хэмжээнд ямар хүнд сорилтууд шинээр бий болж, ямар шийдэл эрэлхийлэх ёстой талаар сэтгэгчдийн байр суурийг нийтлэл болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Төвдийн буддын шашны тэргүүн XIV Далай лам Данзанжамц өөрийн шашнаа төлөөлөн үзэл бодлоо хуваалцсаныг эмхтгэн хүргэж байна.

Тэрээр “Найзууд минь хааяа надаас ямар нэг ид шидийн хүчийг ашиглаж дэлхий дахинаа гарч буй зарим асуудалд туслахыг хүсдэг. Би тэдэнд “Далай лам ямар ч ид шидийн хүчгүй” гэж үргэлж хариулдаг юм. Хэрэв тийм байсансан бол миний хөл, хоолой хэзээ ч өвдөхгүй байх байлаа. Бид бүгд ижилхэн хүмүүс. Тиймээс бид бүгд дотроо ижил айдас, итгэл найдвар, эргэлзээг мэдэрч, түүнтэй нуур тулж байдаг.

Буддын шашны үүднээс авч үзвэл мөнх бус оршихуй бүхэн зовлон зүтгүүр, өвчин шаналал, хөгшрөлт, үхэлтэй нүүр тулдаг. Гэхдээ хүн бид оюун ухаанаа ашиглан уур хилэн, үймээн самуун, шуналт сэтгэлгээнээс ангижирч, энэ бүхнийг даван туулах чадвартай билээ. Сүүлийн жилүүдэд би сэтгэлээ жолоодож аливаа зүйлийг бодитой бөгөөд тодорхой, уур бухимдал, айдасгүй бөгөөд эргэлзээгүйгээр харахыг бусдад зөвлөсөөр ирсэн. Хэрэв аливаа асуудалд шийдэл байгаа бол бид түүнийг нь олохын тулд ажиллах ёстой. Хэрэв шийдэл байхгүй бол бид үүнд санаагаа чилээж, цагаа дэмий гарздах хэрэггүй.

Буддизмд дэлхий-ертөнц бүхэлдээ өөр хоорондоо харилцан хамааралтай, шүтэн барилдлагатай гэж сургадаг. Тийм ч учраас би дэлхийн нийтийн хариуцлага, ухамсрын талаар байнга ярьдаг. Энэ удаагийн коронавирус цар тахал ч гэсэн үүнийг нотолж буй. Нэг хүн халдвар авахад удаахь хүнд вирус халдаж, удахгүй бүх зүйлд нөлөөлж болохыг харж болохоор байна. Нөгөөтэйгүүр эмч нар халдвартай тэмцэж, эсвэл хөл хорионд зүгээр л ажиглаж байсан ч ялгаагүй энэрэл, нигүүлслийн хүчээр олон хүнийг авран, хамгаалах боломжтой гэдгийг бидэнд харуулж байна.

Би Ухань хотод коронавирус илэрсэн тухай мэдээ гарснаас хойш Хятад болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа ахан дүүсийнхээ төлөө залбирч эхэлсэн. Одоо хүмүүс хэн ч энэ вирусийн эсрэг дархлаагүй болохыг мэдсэн. Хүн бүр дэлхийн эдийн засаг болон гэр бүр, хайртай хүмүүсийнхээ ирээдүйд санаа зовж байна. Гэсэн ч дан ганц залбирал хангалттай биш юм.

Энэ хямрал бид бүгдэд хүн бүр дор бүрнээ хариуцлагатай, ухамсартай байх ёстойг харуулж байна. Бид бүхэн энэ хямралыг сөрөн зогсож, ирээдүйгээ энэхүү заналхийллээс хамгаалахын тулд эмч, сувилагч нарын эр зоригийг нотолгоо дээр суурилсан шинжлэх ухаантай хослуулах шаардлагатай.

Айдас дүүрэн энэ цаг үед бид дэлхийн өнцөг булан бүрд тулгарч буй урт хугацааны сорилт, бэрхшээл болон боломжуудын талаар бодох нь чухал юм. Сансраас авсан эх дэлхийн гэрэл зургууд манай цэнхэр гариг дээр ямар ч бодит хил хязгаар байдаггүй болохыг тодорхой харуулдаг. Тиймээс бид үүнийг анхаарч, цаг уурын өөрчлөлт болон бусад хор хөнөөлтэй хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах ёстой. Энэхүү цар тахал нь “хүн төрөлхтөн зөвхөн нэгдэн нийлж байж л өмнө нь тулгарч байсан олон сорилт бэрхшээлүүд болон урьд өмнө огт тохиолдож байгаагүй, ирээдүйд гарч болох бусад сорилтуудыг даван туулах боломжтой” гэдгийг бидэнд харуулж байна.

Мөн хүн бүр хэн ч зовлон хийгээд түүний шалтгаанаас ангид байж чадахгүй гэдгийг ухамсарлаж, орох орон, эд хөрөнгө, гэр бүлгүй ядарсан бусдадаа тусламжийн гараа сунгаж байх хэрэгтэй. Хэдий бид тус тусын амьдралаар амьдардаг ч гэсэн өөр хоорондоо, бие биенээсээ хамааралтай аж төрдөг гэдгийг харуулж байна. Тиймээс бид бусдад энэрэл нигүүлсэл, тусламж үзүүлэх үүрэгтэй.

Буддын шашинтны хувьд би мөнх бусын тавиланд итгэдэг. Эцэст нь хэлэхэд би амьдралынхаа туршид олон дайн, аймшигт аюул заналхийлэл болж өнгөрөхийг харсан. Үүнтэй ижил энэ вирусийн заналхийлэл арилах болно. Тиймээс энэ бүхний эцэст өмнө нь олон удаа хийж байсанчлан бид бүхэнд дэлхий нийтийн эв нэгдэл, хамтын ажиллагааг дахин сэргээх боломж олдож байна. Би хүн бүрийг аюулгүй, амар тайван байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Эргэлзээгээр дүүрэн энэ цаг үед өвчнийг дийлэхээр ажиллаж буй олон хүний хүчин чармайлт, ололт амжилтад итгэл найдвараа алдахгүй байх нь хамгийн чухал юм.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц

Орчуулсан: О.Мөнхбат

Эх сурвалж: Itoim.mn


URL: