Д.Амарбаясгалан даргаа Говь-Алтайд адууны хурд бус, хөгжлийн хурд хэрэгтэй байна
УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Үе үеийн сонгуулийн дүнг харахад Говь Алтай аймаг Ардын намын гишүүдийг сонгож байсан түүхтэй. Долоон удаагийн сонгууль болоход бүгдэд нь МАН-д итгэл үзүүлсэн байдаг. Гэвч дордохын 7-гийн үлгэрээр Алтайчууд аймгуудын өрсөлдөх чадварын индексээрээ 21 аймгаас 19 бичигджээ. Мөн ядуурлын түвшингээр 20 бичигдэж байна.
Тэгвэл энэ жил Говь-Алтай аймагт хоёр мандаттай сонгууль болно. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан энэ удаад Говь-Алтай аймагт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр анх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй бөгөөд тус аймгийг сүүлийн хэдэн жил “тойглож” болсон юм. Д.Амарбаясгалан 2016 оны сонгуульд нийслэлийн МАН-ын сонгуулийг удирдаж ялалт байгуулсан бөгөөд өөрөө НИТХ-ын төлөөлөгчөөр Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан юм. Үүний дараа 2016 оны арванхоёрдугаар сард МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Ардын нам хоорондоо тэмцэлдэж байсан ч намдаа генсекээр үлдсэн зайтай эр. У.Хүрэлсүхийг хамгаалж үлдсэнээр генсекээрээ үлдэж, “Тусгай шагнал” болох 950,000,000 төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан түүхтэй.
Алтай нутгийг мөрөөдөх болсон мань хашир өнгөрсөн жил хурдан удмын адуу зүүн зүгээс тууж Алтайд хүргэсэн “шилийн сайн эр”. Говь Алтай аймаг 18 сумтай. Сумын баг бүрт нэг азарган үрээ бэлэглэж “Аархсан”. Хурдан удмын азарган үрээ ямар үнэ ханштай билээ гэж тооцохоор Д.Амарбаясгалан тийм их баян хүн үү? Эсвэл тийм их хандив авсан уу? Хандив авсан бол бол эргээд улсын хөрөнгөөр төлөх, аль эсвэл ивээгчээ өндөр албанд томилохоос өөр аргагүй. Алтай нутгийн адуу нь хурдан байгаад ч ард түмэн ядуу, орон нутаг нь хөгжихгүй бол яалтай билээ. Алтайчууд хөгжлийн хурд хүсэж байгаа болохоос адууны хурд хүсээгүй нь ойлгомжтой. Бүх л аймаг хатуу хучилттай замаар холбогдоод байхад Говь Алтай л ганцаараа засмалгүй байгаа нь тус нутгийн сонгогдсон гишүүд, аймаг удирдсан дарга нар сэтгэлгүйг илчилнэ. Говь Алтайн Засан даргаар Д.Амарбаясгалан өөрийн хүнээ тавьсан ч өнөөх нь албан өрөөндөө архидалт зохион байгуулж, улмаар хүний амь настай холбоотой асуудалд орсон билээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зээлээс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр ойр давуу байдлаа ашиглан зээл авдаг нөхдүүдийн тоонд мөн Д.Амарбаясгалан холбогдсон. ЖДҮХС-с 2017, 2018 онуудад онд зээл авсан компаниудын жагсаалтад Тайшир Өргөө, Агро Технологи Шижирт гэх компаниуд байна. Эдгээр компаниудын тус бүр 30 хувийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
ЖДҮХС-с зээл авсан Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компаниуд 2017 онд “Тайшир Өргөө” ХХК 375,000,000 төгрөгийн зээл, 2018 онд “Агро Технологи шижирт” ХХК 950,000,000 төгрөгийн зээл авчээ.
Энэ удаагийн сонгууль 2008, 2012 онтой адил томсгосон тойргоор явагдана. Говь-Алтайн тойрогт энэ жил хоёр мандат хуваарилсан бөгөөд МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар явах нь бараг л тодорхой болсон гэж улстөрийн хүрээнийхэн шуугилдаж байна. МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ч гэсэн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г наашлуулсан хэргээр сүүлийн нэг жил орчим асуудлаас салсангүй. Түүний буянаар улсын хөрөнгө идэж уусан нөхдүүдийн хэрэг эхнээсээ замхарч байгаа юм.
Хөгжлийнхөө индексээр сүүл мушгиж яваа Алтайчууд ийм л хүмүүсийг сонгох уу? Эс бөгөөс өөр хүн сонгох уу гэдэг нь зургаадугаар сарын 24-нд тодорхой болно. Дараа жил гэхэд Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний Эрх чөлөөний 110 жил болно. Энэхүү их ойн жил Засагт ханы хөх харчуул социализмын үед баригдсан модон жорлон, хуучин хашаагаа будчихаад 100 жилээ угтмааргүй байхсан.
ЭХ СУРВАЛЖ: http://qwe.mn/
URL: