Хятадад хүүхэд худалдаалдаг “супермаркет”-ыг Украйн илрүүллээ

11229

Шинэ төрсөн хүүхдийг хятадуудад худалдаалдаг олон улсын бүлгийн үйл ажиллагааг Украины хууль сахиулагчид олж илрүүллээ гэж тус улсын Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко фейсбүүк хуудсаараа мэдээлжээ. “Гэмт этгээдүүд үр тогтох, хүүхэд төрөх, хүүхдийг Украинаас гаргах бүхий л үйл явцын хууль ёсны баримт бичгүүдийг мөнгө амлаж байгаад бүрдүүлж чадсан байна. Өөрөөр хэлбэл украин эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдийг Хятадад мөнгөөр худалдаж байна. Ийм байдлаар шинэ төрсөн хүүхдийн супермаркет бий болжээ” гэж дэд сайд бичсэн байна. Гэмт хэргийн сүлжээг хувийн нэгэн эмнэлгийн ерөнхий эмч украин эмэгтэй, түүний хүү хоёр удирдаж, украины хоёр иргэн, гурван хятад хүн оролцдог байжээ.
Ийм байдлаар Украины тээгч эх хүүхэд төрүүлээд шууд “худалдаанд” шилжүүлдэг байна. Түүний төрсөн тухай баримт бичгийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж бичээд, дараа нь хүүхдийг Украинаас авч гарах бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг байжээ. Хүний наймаа эрхлэгчдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: “АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН


URL: