“Иргэдийн интернет банк руу нэвтэрч, мөнгийг нь авах цахим гэмт хэрэг гарсаар байна”
Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэх болсон гэмт хэргийн талаарх мэдээллүүд олон нийтийн санааг зовоогоод буй. Цахим гэмт хэргүүдийн дунд иргэдийн интернет банк руу нэвтэрч, мөнгө авах, шилжүүлэх хэлбэрийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Иймд цахим гэмт хэрэг болон түүнээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой талаар Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дөлгөөнөөс тодрууллаа.
-Одоогоор цахим орчинд хамгийн их үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шинжтэй тохиолдол юу байна вэ?
-Сүүлийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гомдол мэдээллүүдээс харахад, иргэдийн интернет банк руу нэвтэрч, дансан дахь мөнгийг шилжүүлж авах тохиолдол өссөн. Ингэхдээ хүмүүсийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь ямарваа нэгэн байдлаар олж авч, дансан дахь мөнгөнөөс худалдан авалт хийх, шилжүүлж АТМ-аас царай зүсээ нууж авах байдлаар үйлдэгдэж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд багагүй тооны энэ төрлийн гэмт хэргийг шалгаж байгаа.
-Цахим гэмт хэрэгт өртөх шалтгаан нь юу байна вэ?
-Хэргүүдийг шалгаж үзэхэд, ихэвчлэн хохирогчийн өөрийн буруутай, гэнэн үйлдлээс болж гэмт хэрэгт өртөх нөхцөл үүссэн байдаг. Жишээлбэл, өөрийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгээ хүн тааж олоход амархан утгаар оруулах, интернет банкинд бүртгэлтэй байгаа цахим шуудангаа бусдад хэрэглүүлэх. Ингэснээр гэмт этгээд хаягаар нь интернет банкинд холбогдож, сэргээж авах тохиолдол цөөнгүй байна. Үүнээс үзэхэд, ихэвчлэн хохирогчийн өөрийн буруутай үйлдлээс хамааралтай байх нь бий. Багагүй тохиолдолд банкны сайт, аппликейшнийг дуурайлган хийсэн хуурамч сайтаар дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг олж авсан тохиолдол байгаа. Мөн иргэд мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэг дутмаг байгаагаас шалтгаалж байна.
-Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?
-Цахим гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 26.1.2 буюу цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн ангиар зүйлчлэгдэж, прокурор болон шүүхийн шатанд шилждэг. 26.1.2 нь хөнгөн хэргийн ангилалд багтдаг бөгөөд 1-5 жилээр хорих ял эдлүүлэх заалттай байдаг. Цахим гэмт хэргийг үйлдэж буй этгээд нь насны хувьд залуу байх нь элбэг бөгөөд тэд техникийн мэдлэгтэй, ихэвчлэн шунайхан сэдлээр хэргийг үйлдсэн байдаг. Харин иргэдийн мэдлэг дутмаг байдал болон санамсаргүй алдаануудаас болж тэдний үйл ажиллагаагаа явуулах орчин нь бүрдэж байдаг гэсэн үг.
-Аливаа хэлбэрийн цахим гэмт хэргээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?
-Сүүлийн үед гарч буй интернет банкинд халдах гэмт хэрэгт өртөхгүйн тулд иргэд аль болох баталгаатай нууц үг хэрэглэх, өөрийн хувийн мэдээллээ маш сайн хамгаалах /өөрийн регистр, утасны дугаар, төрсөн он сар болон бусад хувийн бүхий л төрлийн мэдээлэл/, аюулгүй интернет ашиглах хэрэгтэй. Ингэхдээ аюулгүй төхөөрөмжөөр өөрийн аккаунт руу хандах хэрэгтэй байна.
-Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэдэг вэ?
-Цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар, төлөвлөгөөт байдлаар олон нийтийн дунд зохион байгуулдаг. “Unfriend”, ”Ятгах тусам нягтал” аян болон цахим орчинг зөв болгох зорилго бүхий урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Эдгээр нь ч үр дүнгээ өгч олон нийтийн дунд цахим орчинг соёлтой болгох, зөв хэрэглэх талаарх мэдээллүүдийг хүргэсээр байна. Цаашид ч энэ төрлийн аян, үйл ажиллагаа нь үргэлжлэн зохион байгуулагдаж иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх болно.
Ц.Янжиндулам
URL: