“Соёмбо уул”-ын өчил…
Би зүгээр нэг толгой
Билгүүн номт Богд уулын л өвдөг…
Бичигдээгүй хуулийн өгөр толгой
Бичсэн хуулийн ч дархан цаазат “олгой”
Намайг ургаж байхад
Нар илсэн Богд хайрхан налайж байсан
Намайг өндийж босоход
Нармай монголын уул аав өвдөглөж суулгасан!
Тэрнээс хойш би өсөөгүй
Тэгтлээ өндөр болоогүй
Аавынхаа үгэнд орж
Амсхийн суух өвдөг нь болсоон!
Өвөг дээдсийнхээ өмнө ч
Өвөө эцгийнхээ өвөрт ч
Өнөөдөр би эрхэлж суугаа
Өөвгөр ач хүү нь шүү дээ!
Намайг Хаан аав амьд байхдаа
Наанаа суу! гэж өвдгөө түшүүлсэн
Найман зуун жил би өвөг аавынхаа үгэнд орж
Намхан чигээрээ өвдөг түшээд сууж байна!
Манан тээр дээгүүр нүүгээд арилна
Манай өвөг уул тээр дээр нүүхгүй сууна
Мандах нар өвөөгийн зулайг үнсээд явна
Маргах юмгүй би, сүүдэрт нь эрхлэн жаргана!
Болдог бол өвөөгийнхөө толгой дээр гараад
Болдоггүй бүхнийг үзүүлж дэвхцэнэ байна
Намайг төрөхөөс өмнө та нар
Манай өвөг толгойг дэвсэж байсан гээ биз дээ?
Хүннүгийн үеийнхэн Чандмань толгой гээд
Хормой доогуур минь ус урсгасан, Туул гэдэг гэнэ лээ
Хүчгүй хаад хүчээ авах гээд Зэндмэнэ толгой гэсэн гэнэлээ
Хүн бүрт эрхи дагуулаад маани мэгзэм уншуулсан гэнэ лээ
Тэгээд би үлдсэн ч байх
Тэвэрч даахгүй ч, өвдгөө л түшиж хоцорсон байх?
Саяхан даа, санаандгүй байтал
Соёмбо гэнэ үү, тэмдэг тавиад л
Шинэхэн нэр надад өгчихлөө
Шинж тэмдгээр нь Соёмбо толгой гэх боллоо!
Чулуугаар бичсэн болохоор
Зуун жил энэ нэр үлдэх байх
Цуу нэрд гарахын цагт
Зургаас өөр юм үлдэхгүй байх!
Хажууханд суугаа Зайсан минь
Харагдахаа болилоо…
Харалдаа суугаад бид хоёр
Хүрээ нийслэлээ сонирхдог байлаа…?
Одоо , юу болов? Мэдэхгүй ээ.
Одод хаана? Сар, нар хаана мэдэхгүй ээ…?
Намайг нэг өдөр ухаж шархдуулах байх…
Наана нь шатааж, шалбалж үзлээ…
Чулуун Соёмбо нурах цагт
Цугтаа би нурж ойчих байх…?
Жирийн нэг толгой би
Жимс, самартай биш дээ, ойчих байх…?
Ерийн нэг шовгор би
Есөн эрэгтэй биш дээ, ухуулах байлгүй…?
Шатааж байна…санаа байна…?
Шахаж байна…анаа байна…?
Өвгөн буурал Богд хайрхныхаа
Өвдгийг түшсээр үхнээ би…!
2020.04.27…15:15 цагун дору…
Ж.Батсайхан
URL: