Салхитын мөнгөний ордыг хятадуудад зарсан гэх уяач Ш.Мөнгөншагай нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

628

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад эхэллээ.

Хэрэг явдлыг сануулбал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхитын ордын гурван лицензийг “Их Монгол Майнинг” компаниас худалдаж авсан уяач Ш.Мөнгөншагай “Жи Пи Эф” компанийг 2010 онд байгуулжээ. Улмаар компаныхаа 60 хувийг өөрөө, 40 хувийг хүргэн Г.Жаргаландаа эзэмшүүлсэн байна. Лицензээ зарах хүн хайж явсаар хоёр жилийн дараа 2012 онд гурван лиценз бүхий компаниа БНХАУ-ын иргэдийн Монголд байгуулсан “Си Си Эм Икс” компанид 800,000 ам доллар буюу тэрбум гаруй төгрөгөөр зарсан аж. Н.Өнөрцэцэг хэмээх хятад хэлтэй эмэгтэйгээр зуучлуулан заржээ. Салхитын ордыг Хятад иргэд олборлож эхэлсэн ч 2015 онд хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх захирал хоёр хятад иргэн муудалцжээ. Ажлаасаа халагдсан Гүйцэтгэх захирал Чэн Вангфа нь Ш.Мөнгөншагайгаар дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргуулсан байна.

Нэхэмжлэлийн гол агуулга нь “Жи Пи Эф” компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагай би 2012 онд компаниа зарагдсаныг мэдээгүй. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж зарсан тул компанийн 60 хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ. Шүүхийн маргаан ийн эхэлсэн байдаг.


URL: